Монгол улс /2021.06.29/: БАГШ, СУРАГЧДЫГ ХОЛБОСОН MEDLE.MN ПЛАТФОРМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монголын өнцөг булан бүрд ажилладаг шилдэг багш нарын бэлтгэсэн хичээлүүдийг нийслэл, аймаг, сумын төв гээд хаана ч амьдарч буй хүүхэд үзэх боломжийг Medle.mn платформ олгож байна. Энэ бол Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын мэдээллийн технологийн төвийн хөгжүүлж буй багш, сурагчдыг холбох зорилго бүхий боловсролын цахим контентын сан юм.
Таны хүүхэд аль сургуульд сурдагаас үл хамааран хамгийн шилдэг багшийн бэлтгэсэн шилдэг хичээлийг үзэж, судлах бүрэн боломжтой. Багш нарын тухайд ангийнхаа сурагчдаас гадна Монголынхоо төдийгүй дэлхий дахинд хүртээмжтэй хүрч ажиллах боломжийг ч мөн бүрдүүлж байна.
Багш, сурагчдыг холбосон энэхүү платформ нь хоцрогдлыг нөхөх, боловсролыг тэгш хүртээмжтэй болгох илүү хурдацтай, чанартай байх шийдлүүдийг нэг дор агуулж байгаа юм. Ийнхүү боловсролын салбарын цахим шилжилт үе шаттайгаар үргэлжилж байна.
Medle.mn цахим платформын нээлт өчигдөр болж, төслийн санаачлагчид Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын мэдээллийн технологийн төвийн захирал Ц.Тодгэрэл, Элф Эдүкэйшн нэгдлийн үүсгэн байгуулагч Б.Батжин нар оролцлоо.
Эх сурвалж: https://www.facebook.com/MinistryofEdu