/2023.10.02/: Өнөөдөр Улаанбаатар хотын хувьд түүхэн өдөр. Хотын анхны бонд анхдагч зах зээлд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалагдана.
Хот хурдацтай хүрээгээ тэлж хүн ам өсч түүнийг дагасан дэд бүтэц бүтээн байгуулалт харин хийгдэж чадахгүй байна. Дэлхийн олон хотуудын жишгээр Улаанбаатар хот анх удаагаа хөрөнгө босгох гэж байна. Зах зээлийн мэргэжилтнүүд “Ногоон автобус”- ны дуулиан хотын бондын арилжаанд хэрхэн нөлөөлж болохыг түгшин харж буй.
Улаанбаатар хот олсон орлогынхоо ердөө 24 хувь буюу 460 тэрбумыг хөрөнгө оруулалт дэд бүтцээ зарах төсөлтэй. Энэ удаад бие даан таван жилийн хугацаанд 3 удаа 500 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна.
Өнөөдөр эхэлж буй бондын тухайд нэг бүр нь 100 мянган төгрөгийн үнэтэй. Жилийн хүү нь 17.2 хувь хагас жил тутам хүүгээ тооцуулах боломжтой. Хоёр жилийн дараа оруулсан хөрөнгө оруулалт буюу худалдан авсан бондоо буцаан зарах боломжтой.
Эхний ээлжинд босгохоор төлөвлөсөн 200 гаран тэрбум төгрөгөөр 10 гаруй сургууль, 25 цэцэрлэг, Сэлбэ голыг сэргээх төслийн эхний хэсэг, Налайх Багануур дүүргийн үйлдвэр технологийн паркийн цахилгаан хангамжийг барьж байгуулах зэрэг төслүүдийг санхүүжүүлнэ.
Хөрөнгө оруулалт талаасаа эрсдэл багатай, арилжааны банкуудын төгрөгийн хадгаламжийн хүүгээс илүү хүүтэй байгаа нь ашигтай гэж тодорхойлоход хүргэж байна. Арилжаа өнөөдөр эхэлж ирэх Пүрэв гаригт хаалтаа хийнэ.