/2023.12.04/ Монголын залуу үе харьцангуй бага судлагдсан. Түүн дотроо жендэрийн асуудал бүр ч бага судлагджээ.
Тэгвэл судлаач Г.Доржжанцан "Монголын сургуульд транс сурагч байх нь" судалгааг хийсэн байна. Судалгаанд 16-18 насны залуусыг хамруулж, кэйс цуглуулгын аргаар хийжээ. "Транс болон хүйсийн хэвшмэл байдалд үл багтах сурагчдын ердийн амьдралыг гүн гүнзгий таних мэдэх зорилготой, судалгааг ганцаарчилсан ярилцлагын аргаар хийсэн" гэж судлаачид өгүүлжээ.
НҮБ-ын мэдээллээр гей лесбиян залуус бусад залуустай харьцуулахад амиа егүүтгэх магадлал 4 дахин их, транс болон хүйсийн хэвшмэл байдалд үл хамаарах залуусын хувьд 10 дахин их байдаг ажээ. Шалтгаан нь, гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөх, тэднийг хүлээн авах нийгмийн сөрөг хандлагатай холбоотой.
Транс сурагч, залуусын 2/3 нь сургууль дээрээ үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж, улмаар сургууль завсардахад хүрдэг байна. ЛГБТ төвөөс 2016 онд хийсэн судалгаагаар ЛГБТИК хүүхэд залуусын 79 хувь нь ямар нэгэн дээрэлхэлт, ганцаардуулалт, ялгаварлан гадуурхалтад өртдөг гэжээ. Мөн 9,4 хувь нь бие махбодийн онц хүнд гэмтэл авч байжээ.
Ингээд хүүхдүүдийн ганцаарчилсан ярилцлагын үеэрх хэсгээс хүргэж байна.
Баяр (Транс хөвгүүн, 16 настай)
Биеийн тамирын хичээл дээр өндрөөс нь нам хүртэл жагсаадгийг би ёстой үзэн яддаг. Өмнө нь охид, хөвгүүдийг хүйсээр нь хуваалгүй жагсаадаг байсан. Сүүлийн хоёр жилд эмэгтэй, эрэгтэйгээр нь ялгаж зогсоодог болсон. Биеийн тамирын багшаас айдаг болохоор би хөвгүүдтэй хамт жагсмаар байдаг ч охидын эгнээнд зогсдог. Бас спортоор өрсөлдөх надад хэцүү санагддаг. Гар бөмбөг, сагсан бөмбөг тоглох дуртай ч хөвгүүдийн багт тоглох боломжгүй болохоор тогломоор санагдвал охидын багт орохоос аргагүйд хүрдэг.
Жолие (Транс охин, 17 настай)
Технологийн хичээлийг туйлын хэвшмэл ойлголттой эрэгтэй багш заадаг. Багш нар эрэгтэй хүн ямар байх ёстой вэ гэдэг уламжлалт ойлголт хандлагыг бидэнд тулгахын зэрэгцээ хэрхэн жинхэнэ эр хүн болох талаар заадаг гэхэд болно. Дунд ангид технологийн ангийн эрэгтэй багш хөвгүүдийн ар нуруу руу болон биеийн бусад хэсэгт цохидог байсан. Одоо ч хөвгүүд эрэгтэй багш нараар цохиулж л байдаг. Энэ үйлдлээ тэд нөгөө л эр хүн зоригтой байж, хэд гурван цохилт даах чадвартай байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт, сэтгэлгээгээрээ зөвтгөдөг.
Кас (Транс хөвгүүн, 16 настай)
Сургууль дээр болдог зүйлсээс хамгийн хэцүү санагддаг нь сурагчдыг хүйсээр хуваах. Бараг бүх зүйлд сурагчдыг эрэгтэй, эмэгтэйгээр хуваах нь давчидмаар. Ангийнхан маань намайг эрэгтэй гэдгийг мэдэх ч багш нар мэдэхгүй, тиймээс би аль талд нь орохоо ч мэддэггүй.
Игги (Транс хөвгүүн, 16 настай)
... дэмжлэг гэх юм сургууль дээр байхгүй дээ. Тэгээд ч би өөрийнхөө тухай, транс байдлынхаа тухай сургуулийн орчинд ярихаас эмээдэг учир сургуулийн орчинд ямар нэгэн тусламж дэмжлэг эрэлхийлж байгаагүй. Багш эрүүл мэндийн боловсролын хичээлээр ЛГБТК сэдвийн талаар ярих үед надад түүнд итгэж болохгүй гэх мэдрэмж төрсөн. Сургууль дээр би хэнд ч итгэдэггүй, хэрэв сургууль дээр ямар нэгэн зүйл ярьвал тэр даруй эцэг, эхэд маань мэдэгдэх болно.
Нэгэнт энэ судалгааг хүргэсэн тул нэр томъёоны тайлбар хэсгийг оруулж байна.
ЛГБТИК+
Лесбиян, гей, бисексуал, трансжендер, күийр, интерсекс болон “+” тэмдгээр бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн хязгааргүй олон янз байдлыг илэрхийлэн нэрлэдэг товчилсон үг юм.
Лесбиян
Сэтгэл хөдлөл, хайр дурлал, бэлгийн дур хүслийн хувьд өөр бусад эмэгтэйд
татагддаг эмэгтэй хүн.
Гей
Сэтгэл хөдлөл, хайр дурлал, бэлгийн дур хүслийн хувьд өөр бусад эрэгтэйд
татагддаг эрэгтэй хүн.
Бисексуал
Сэтгэл хөдлөл, хайр дурлал, бэлгийн дур хүслийн хувьд нэгээс илүү хүйс, жендер,
хүйсийн баримжаа бүхий хүмүүст татагддаг хүн. Гэхдээ тэдэнд нэгэн зэрэг, ижил хэв маяг, эрчмээр татагддаг байх албагүй.
Трансжендер
Төрөх үед тэмдэглэгдсэн хүйстэй холбоотой давамгайлагч соёл, нийгмийн хүлээлтээс өөр хүйсийн баримжаа, илэрхийлэлтэй хүмүүсийг нэрлэдэг толгой нэр томьёо.
Күйир
Хүйсийн баримжаа илэрхийлэл болон аль эсвэл бэлгийн чиг баримжааны хувьд давамгайлагч соёл, нийгмийн хэм хэмжээнд багтдаггүй хүмүүсийг нэрлэдэг.
Интерсекс
Хүйсийн онцлог шинж, нөхөн үржихүйн анатомийн хувьд олон янзын ялгаатай төрсөн хүмүүсийг нэрлэдэг. Ялгаатай байдлыг дурьдвал бэлэг эрхтэн, хромосом, бэлгийн булчирхай, дотоод бэлэг эрхтнүүд, гормон ялгаруулалт, гормон зохицуулалт болон хоёрдогч хүйсийн онцлог шинжийн ялгаатай байдал зэрэг орно.
Эх сурвалж: "Монголын сургуульд транс сурагч байх нь" судалгаа