/2023.06.23/: Худалдаа, экспортын сувгийг нэмэгдүүлэх, БНХАУ болон гуравдагч орнуудын зах зээлд бараагаа хүргэх шинэ боломжийг бүрдүүлэх талаар ажлын уулзалт хийлээ.
Эдийн засаг, хөгжлийн яамны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга И.Батхүү, шинээр байгуулагдсан Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар, албаны бусад хүмүүс БНХАУ-ын Ляонин мужийн Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Лю Тяньюй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч “Эдийн засгийн коридор”-ын төслүүдийг эрчимжүүлэх хүрээнд Чойбалсан-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явц, Бичигт боомтоор дамжин БНХАУ-ын Жиньжоу боомт руу ачаа, бараа тээвэрлэх асуудал, хоёр орны аж ахуйн нэгжүүд Замын-Үүдийн чөлөөт бүс болон БНХАУ-ын Жиньжоу боомтод хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх талаар ярилцлаа.
Талууд энэ оны есдүгээр сард Сайд нарын түвшний уулзалт хийх, ярилцсан асуудлуудаар ахиц дэвшил гаргахаар тохиролцов.
Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудыг хөгжүүлэх, ялангуяа Замын-Үүд хилийн боомтоос гадна Монгол орны зүүн, баруун бүсэд ижил түвшний гадаад худалдааны шинэ гарц бий болгоход онцгойлон анхаарч байгаа билээ.
Эх сурвалж: ЭЗХЯ