/2023.06.13 / Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Франц улсын Ерөнхийлөгч Э.Макрон айлчлал хийсэн билээ.
Энэ айлчлалын үеэр Францын талтай тохиролцоонд хүрсэн гол асуудал бодит ажил хэрэг болох гэж байгааг өнгөрсөн амралтын өдрүүдээр Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийн мэдээллүүд харууллаа.
Иргэдийн эсэргүүцлээс болсон уу юутай ч олон удаа нэрээ сольсон Арева нэрээр Монголд “адлагдсан” төсөлд анх удаагаа Монголын талын эрх бүхий албан тушаалтнууд газар дээр нь ажиллаж шар нунтагт “гараа хүргэж” үзүүлэв.
Уран бол гамшиг аюул гэж Монголчуудын тархинд нутагшиж олон жил боломжоо алдсан.
Өнгөрсөн жил Оюу толгой төслийг гацаанаас гаргаж хэл амаа олж чадсан Хуульзүйн сайд Х.Нямбаатар энэ удаа хөрөнгө оруулагчидтай дараагийн том гэрээгээ хийхээр бэлдэж эхэлжээ.
Ураны 13 ордод 193,000 орчим тонн нөөц тогтоогдсон дэлхийд 12-т жагсдаг. Одоогоор Монгол Улсад хоёр компани идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
“Бадрах Энержи”, “Гурвансайхан” ХХК. “Бадрах Энержи” ХХК Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөд гэсэн гурван ордод нөөцөө тогтоож, технологийн туршилтын ажлыг явуулж байгаа юм.
Ирэх долдугаар сард Монгол Улсын засгийн газар Хөрөнгө оруулалтын томоохон түншүүдээ Монголд урьсан. Энэ үеэр сайн мэдээ дуулгаж болзошгүй салбар нь уран болох нь тодорхой байна.
Хуульзүй дотоод хэргийн сайдын мэдээлснээр Засгийн газар 1997 оноос геологи хайгуулын ажлаа эхлүүлсэн Орано групптэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар ажлын хэсэг байгуулан ажилдаа оржээ.