Марк Мелеард: Бидний нээж илрүүлсэн Зөөвч-Овоо бол ДЭЛХИЙД ЭХНИЙ 10-т орох том орд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Марк Мелеард: Бидний нээж илрүүлсэн Зөөвч-Овоо бол ДЭЛХИЙД ЭХНИЙ 10-т орох том орд

"Бадрах Энержи" компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард

“Бадрах Энержи” бол Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох ураны Зөөвч-Овоо ордод нарийвчилсан судалгаа хийж, туршилтын үйлдвэрлэлээ хийж байгаа компани. Ер нь бол байгалийн уран олборлох гол зорилготой л доо. Гэхдээ энэ төсөл 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жил болсон ч үндсэн олборлолтдоо хүрээгүй л байна.

“Арева” нэрээр нь монголчуудын сайн мэдэх энэ компани 2010 онд анхны олборлолтоо хийж, технологийн туршилт нь эхэлсэн. Тус компани 2017 он гэхэд олборлосон ураны хүдрээ боловсруулж, шар нунтаг гаргаж авах үйлдвэрээ байгуулах төлөвлөгөөтэй байлаа.

Энэ компанийг ярихаар л “Хоёр толгойтой тугал”, “Ураны хор хөнөөл” гэж орилолдож эхэлнэ. Гэвч энэ нь хэзээ ч батлагдаж байгаагүй.

Тус компани яг манай улсад төсөл эхлүүлсэн 1996 онд зэрэгцээд Казакстанд мөн адил төслийг эхлүүлсэн юм. Тэр төсөл нь тун амжилттай хэрэгжиж, Казакстаны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсаар байна. Тиймээс Казахстанд хэрэгжүүлж буй “Катко” төслийн Олборлолтын үйл ажиллагаа хариуцсан удирдагчаар ажиллаж байсан, одоо Монгол Улсад хэрэгжиж буй төслийн удирдагч, "Бадрах Энержи" компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардтай Казакстан дахь төслийнх нь талаар ярилцлаа.

КАЗАКСТАНД 10 ЖИЛИЙН ДОТОР ОЛБОРЛОЛТДОО ШИЛЖСЭН. МОНГОЛД 25 ЖИЛ БОЛСОН Ч ЭХЛЭЭГҮЙ Л БАЙНА

-Казакстан улсад манайтай зэрэгцэж эхлүүлсэн Катко төслийг эхлүүлэх болсон шалтгаан юу вэ?
-Тухайн үед Казахстан улсын төр засгаас гадаадын хөрөнгө оруулалтад үүд хаалгаа нээж, олон гадаад компанийг өөрийнхөө улсад татан ажиллуулах бодлогыг барьж байсан. Тиймдээ ч Казахстан улсын зүгээс манай компанид буюу Орано группт ураны төсөл дээр ажиллах саналыг тавьсан. Ганц Орано групп төдийгүй Канадын Камико, ОХУ-ын Рос Атом гээд бусад бүх л томоохон компаниудад үүд хаалгаа нээсэн.

Тухай үед Казахстан улс хамтарсан компани олныг байгуулж, ураны олборлолтыг аль болох богино хугацаанд эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байлаа. Тиймээс Казахстан улс дах төсөл маань ураны эрэл хайгуулын үйл ажиллагаа, дараа нь үйлдвэрлэлийн туршилтын байгууламж, худалдааны чиглэлээр анхныхаа бүтээгдэхүүнүүдийг гарган авах зэрэг хугацаа маш хурдан, богино хугацаанд болж өнгөрсөн.

-Богино хугацаанд гэхээр?
-Жишээ нь, бид 1996 онд Казахстан улсад очиж ажиллаж эхэлсэн бол анхны бүтээгдэхүүнээ 2005 онд экспортод гаргаж байлаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл авч, хайгуул хийн, үйлдвэрлэлийн туршилт явуулж, үндсэн олборлолтдоо шилжих гээд бараг 10 хүрэхгүй жилийн хугацаанд энэ бүх ажил хийгдсэн.

Гэтэл бид Монгол Улсад ирж ажиллаад 25 жил болсон ч одоо болтол бүтээгдэхүүн гаргаж борлуулалтаа хийж эхлээгүй байна.

-Шалтгааныг нь та юу гэж харж байна вэ? Яг л адилхан улс орнууд, яг л адилхан хугацаанд эхлүүлсэн төслүүд. Гэтэл манай улсад чухам юу нь болохгүй болоод ийм байдалд хүрчихсэн юм бол?
-Нэг биш нэлээд хэдэн шалтгаан байна. Тухайлбал, Казахстан улсын хувьд Орано группийг очиж ажиллахад тухайн улсад нь ураны хайгуул, олборлолт хэдийнээ хөгжчихсөн байсан. Бид тус улсад анх удаа ураны хайгуулыг хийж эхэлсэн зүйл огт биш.

Харин Монгол Улсад бид ураны салбарт бараг анхдагч нь. Мөн бидний үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр ашиглаж байгаа газар доор уусган олборлох технологи бол Монгол Улсад шинэ технологи юм. Казахстан улсын хувьд газар доор уусган олборлох технологийг ашиглаж байсан туршлагатай.

Энэ технологи нь уламжлалт уурхайн аргуудтай харьцуулахад эдийн засгийн үр ашгийн хувьд ч , байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн хувьд ч давуу тал ихтэй. Эргэн тойрондоо тоос шороо босгохгүйгээс авахуулаад олон давуу талтай технологи. Ялгаа нь ийм л байна.

Дээрээс нь Казахстан улсын төр засгаас ашигт малтмалынхаа салбарыг богино хугацаанд хөгжүүлж, улсынхаа эдийн засгаа хөгжүүлэх бодлогыг баримтсан.

УЗБЕКИСТАН УЛСААС МАНАЙ ГРУППТ САНАЛ ИРСЭН. ТЭНД ЗАРЦУУЛАХ ХУГАЦАА КАЗАКСТАНД ЗАРЦУУЛСНААС 2 ДАХИН БАГА БАЙХ ТӨЛӨВТЭЙ

-Манай улс ч гэсэн адилхан л гадны хөрөнгө оруулалтыг татах, ашигт малтмалын салбараа хөгжүүлэх бодлого барьж байгаа шүү дээ?
-Энэ хоёр улсын бодлогын хувьд ялгаатай байдал нь уг нь тодорхой. Хүн болгоны нүдэнд ил байгаа байх. Казахстан улсад бол төв байгууллага нь гэх юм уу, төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийг бүх шатандаа хэрэгжүүлж ажилладаг.

Монгол Улсад бол төрийн төв байгууллагаас гаргасан шийдвэрийг хэн нэгэн нь “Би энэ шийдвэртэй санал нийлэхгүй байна” гэвэл ямар нэгэн төсөл удаашрах, зогсох нөхцөл үүсдэг.

-Казакстаны бодлогыг хэрэгжүүлж байгаа гэх үү, дуурайж байгаа өөр туршлага бий болов уу? Манай улс жишээ болгоод авмаар гэх юм уу даа.
-Казахстан улсад ашигт малтмалынх нь салбар яаж хөгжиж ирсэн яг тэр үзэгдэл өнөөдөр Узбекистан улсад болж байна. 2018 онд Узбекистан улс Орано группт санал тавьсан. Ураны салбараа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Орано групп энэ салбар дахь өөрийн нөу хау, мэдлэг ур чадвараа нэвтрүүлж, хуваалцахыг хүссэн. Саналаа ердөө дөрвөн жилийн өмнө буюу 2018 онд тавьж байсан бол өнөөдөр тус улсад манай үйлдвэрлэлийн туршилтын барилга угсралтын ажил хийгдэж байна.

Түрүүн хэлсэнчлэн, Казахстан улсад ураны хайгуулаас эхний үйлдвэрлэл, бүтээгдэхүүнээ гаргах хугацаа 10 хүрэхгүй жилд хийгдсэн бол Узбекистан улсад түүнээс 2 дахин бага хугацааг зарцуулж байна.

Гэхдээ Узбекистан улсын хувьд мөн түүхэндээ ураны уурхайг ажиллуулж байсан туршлагатай учраас Казахстан улстай ижил төстэй зүйлс байна.

-Казакстан, Узбекистан, Монгол гэсэн гурван улсад танай группт ажлын туршлага байна. Одоо гурвууланг нь зэрэгцүүлж байгаад ялгааг нь хэлж өгөөч?
-Энэ гурван төслийг харьцуулаад харвал гурван ялгаа байна.

Нэгдүгээрт, тухайн улсад ураны олборлолт түрүүнд нь хийж байсан эсэх туршлагаас хамаараад иргэдийн ойлголт, мэргэжлийнхэн болон төр засгийнхны ураны олборлолт, технологийн талаархи мэдлэг, туршлагын ялгаа зөрүү байна.

Хоёрдугаарт, ерөөсөө түүхэндээ ураныг олборлож байсан эсэхээс бас шалтгаалж байна.

Гуравдугаарт, тухайн улсын төр засгаас нь энэ салбарыг дэмжиж байна уу, үгүй юу гэсэн ийм гурван ялгаа л байна даа.

МАГАДГҮЙ БИДНИЙ 25 ЖИЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШАЛТГААН НЬ...

-Манай улсад ажиллаж эхэлснээс хойшх өнөөдрийг хүртэл 25 жилийн хугацаанд хэдий хэмжээний хөрөнгийг танай компани зарцуулсан бэ?
-Хайгуул хийж ордоо нээгээд, компанийн ажилчдынхаа цалинг жил бүр төлсөн гэх мэт бүх зардлаа гаргаад үзвэл 25 жилийн хугацаанд 250 сая америк долларын зардлыг Орано группээс гаргасан. Яг өнөөдрийн байдлаар манай компани жил бүр 10 сая америк доллар зарцуулдаг. Бид анхныхаа бүтээгдэхүүнийг гаргаж, үйлдвэрлэлд шилждэг болохын тулд гаргаж байгаа гэж ойлгож болно.

-Олборлолт, үйлдвэрлэл чинь эхэлчихвэл энэ бүхнээ нөхөж чадахаар юм уу?
-Манай компанийн нээж илрүүлсэн Зөөвч-Овоо гэдэг орд маань дэлхийд ураны ордууд дундаа эхний 10-т орох томоохон орд.

Ингээд харвал Монгол Улсын хувьд ч ашигтай байх том орд юм. Орано группын хувьд ч бид дэлхийн хэмжээний томоохон орд олсон. Магадгүй энэ нь бидний олон жил хүлээж байгаагийн шалтгаан байх.

-Казакстанд үйл ажиллагаагаа явуулахдаа тухайн орон нутагт нь ямар ашиг, боломжийг амласан бэ?
-Тухайн орон нутгийн захиргаа болон орон нутгийн иргэдэд ашигт малтмалын салбарт байгаа бусад компаниас өөр онцлогтой, илүү зүйлийг Орано группын зүгээс санал болгосон зүйлгүй гэж би хэлнэ. Дорноговь аймагт хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны гэрээтэйгээ л ижил төстэй. Энэ нь уурхай ажиллаж байгаа тухайн сум, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих ийм л зүйлүүдийг хамтын ажиллагааны гэрээгээр зохицуулдаг. Хамгийн түрүүнд орон нутагт хэчнээн ажлын байр бий болгож чадаж байна вэ? Яг уурхай байрлах хөрш зэргэлдээ нутгийн иргэдээс хэчнээн нь ажилтай болох вэ гэдэг бол мэдээж нэгдүгээрт тавигддаг. Дээрээс нь түншлэлийн хэлбэрээр явж байдаг төсөл хөтөлбөрүүд орно. Тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжсэн гэх мэт. Яг л энэ хамтын ажиллагааны зарчмаар Казахстан улсад ажиллаж ирсэн.

-Ордын хувьд Казакстан болон Монгол улсын нөөц ямар ялгаатай вэ?
-Монгол Улсад байгаа Зөөвч-Овоо бол хүдэр нь нэг дороо төвлөрсөн, бүтцийнхээ хувьд геологи талаасаа маш сонирхолтой, олборлоход бүтцийнхээ хувьд хялбар байхаар орд. Казахстан улсын хувьд хүдрүүд нь хоорондоо зайтай байдаг учраас олборлоход төвөгтэй, дэд бүтэц илүү шаардагдах орд юм. Олборлолт дөнгөж эхэлж байсан 2005 оны үед Казахстан улсын орд нь мөн л томоохон ордуудын нэгд тооцогдож байсан. Өнөөдөр бид 15 жил олборлочихоод байхад ч дахиад 15 жил олборлох нөөц байгаа.

-Казакстаны Засгийн газарт ямар хэмжээний татвар, орлогыг төвлөрүүлдэг вэ?
-Намайк Катко компанидаа ажиллаж байх үед ураны үнэ нэлээн өндөр буюу 1 паунд нь 70 орчим америк долларын байсан. Саяхныг хүртэл нэлээд хугацаанд унаж байгаад, одоо буцаад 70 руу дөхөж байна. Би яг нарийн тоо хэлмээргүй байна. Бидний зүгээс Казахстан улсын төр засгийн байгууллагууд, орон нутаг мөн түүнчлэн ханган нийлүүлэгч компаниудад эдийн засгийн хувьд маш үр өгөөжтэй төсөл. Бидний хамтарсан төсөл Казахстан улсын эдийн засагт нэлээд өгөөжөө өгсөн гэж хэлье.

ТӨСЛИЙН ХУГАЦААНД 1 ТЭРБУМ ДОЛЛАРЫГ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ АВЧИРНА. МӨН...

-Манай улсад ямар өгөөжтэй, ашигтай байх юм бэ?
-Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төслийн ТЭЗҮ болохоор ураны үнэ 1 паунд нь 35 америк доллар байх үед хийгдсэн. Тухайн үед манай Зөөвч-Овоогийн олборлолт явагдах нийт хугацаанд төслөөс 1 тэрбум долларыг Монгол Улсын төсөвт татвар хураамжаар төвлөрүүлнэ гэсэн тооцоолол гарч байсан.

Харин одоо ураны үнэ өсөөд ирлээ. Компанийн зүгээс ТЭЗҮ-дээ нэмэлт тодотгол оруулна, дээрээс нь бизнесийн загварчлалыг шинэчлэх зэрэг ажлууд хийгдэнэ. Бидний харж байгаагаар ТЭЗҮ-д байгаа 1 тэрбум доллараас илүү гарахаар ийм үр өгөөжийг Монгол Улсын эдийн засагт авчирна гэж бодож байна.

Мөн 1000 гаруй ажлын байрыг бий болгоно гэх дагалдах өгөөж байгаа. Үүн дээр нэмээд энэ төсөл олборлолтын шатанд шилжсэнээр гэрээлэгч компаниуд энэ төсөлтэй хамт хөгжөөд явна. Мөн нэгэн чухал зүйл нь болохоор газрын дор уусан олборлох технологийг Монгол Улсад Монгол мэргэжилтнүүд ашиглах давуу талууд байна.

-Одоо тэгээд яг ямар шатандаа явж байгаа юм бэ?
-Манай төсөл өнөөдрийн байдлаар маш амжилттай хэрэгжиж байна. Бид үйлдвэрлэлийн туршилтаа хийж байгаа. Үйлдвэрлэлийн туршилт маань уран олборлохоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн буюу шар нунтаг гаргах хүртэл бүх үе шатаа хамарна. Өнгөрсөн оны долоодугаар сараас үйлдвэрлэлийн туршилт эхэлсэн. Түүнээс хойш зогсолтгүй ажиллаж ирлээ.

Өнөөдрийн байдлаар 7 тонн уран буюу ураны бүтээгдэхүүн болох шар нунтгийг гаргачихаад байна. Үүнд, Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт болон 2010-2011 оны Өмнөтийн технологийн туршилтаар гарган авсан уран нийлээд 7 тонн уран болж байгаа юм. Үйлдвэрлэлийн туршилт бол 2022 оны төгсгөл хүртэл ажиллах төлөвлөгөөтэй.

Үйлдвэрлэлийн туршилт хийгдээд дуусахаар туршилтынхаа үр дүнд тулгуурлаад ТЭЗҮ-дээ нэмэлт тодотгол оруулна. ТЭЗҮ-д нэмэлтээр оруулж байгаа тодотгол нь техник, технологийнхоо талаас, мөн ураны үнэ ТЭЗҮ-д 35 доллараар байгаа учир мэдээж үнийг бас шинэчилнэ. Ураны үнэ цаашид ч өсөх хандлага харагдаж байна. Яагаад гэхээр дэлхийн зах зээл дээрх ураны эрэлт өсөн нэмэгдсээр байна.

МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ИРЭХ ЖИЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГЭЭ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ...


-Үндсэн олборлолт нь хэзээ эхлэх вэ?
-Компанийн төслийн хувьд бидний дараагийн хийх томоохон шатны ажил бол Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын зураглалыг Мон-Атом компанитай хамтран гаргасан байгаа.

Хөрөнгө оруулалтын гэрээг компанийн зүгээс 2023 ондоо багтаж байгуулах төлөвлөгөөтэй. Үүний дараа компани үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой болно. Дэд бүтэц, барилга байгууламжаа байгуулаад олборлолтондоо шилжинэ.

Төслийн хувьд өнөөдрийн байдлаар амжилттай явж байгаа ч цаг хугацаа бол бидэнд хамгийн үндсэн үзүүлэлт гэдгийг мартаж болохгүй. Бид цаг хугацаатай уралдах ёстой. Учир нь одоо 1 паунд уран 60 доллар гараад явж байна. Гэтэл хэдхэн жилийн өмнө 25 доллар хүрэхтэй үгүйтэй байсан. Тэгэхээр үнэ нь бараг 3 дахин нэмэгдчихжээ. Ураны үнэ уначихсан байхад нэлээд олон компани ураны төслүүдээ царцааж, олборлолтоо зогсоосон. Магадгүй ураны үнэ өсөөд ирэнгүүт зогсоосон төслүүдээ сэргээхийг үгүйсэхгүй. Ингэвэл бид бүтээн байгуулалтын шатандаа байгаа болон иймэрхүү түр зогсоосон байсан төслүүдтэй өрсөлдөх шаардлага гарна.

Бид ирэх жилдээ багтаагаад хөрөнгө оруулалтын гэрээг хийж чадахгүй бол магадгүй 2024 онд яг сонгуулийн жилээр бидэнтэй хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ явуулах хүн, байгууллага олдох уу?

Хэрэв ингээд нэг жилээр хөрөнгө оруулалтын гэрээ хойшлох юм бол төслийн хувьд нэг биш нэлээд хэдэн жил 3, 4 магадгүй таван жилээр Зөөвч-Овоо төслийг үндсэн олборлолтондоо шилжих хугацааг нь хойшлуулах эрсдэлтэй. Тийм ч учраас бидний хувьд цаг хугацаатай уралдаж ажиллах шаардлагатай байна.

Атгаад авах шаардлагатай аз энэ цаг мөчид тохиочихсон байна гэж хэлж болно.

-Олборлосон бүтээгдэхүүнээ хааш нь нийлүүлэх вэ?
-Энэ бол хамтарсан компани. Монголын Засгийн газар 34 хувийг, Орано компани 66 хувийг эзэмшдэг. Миний хувьд Орано группын 66 хувийг төлөөлөн хариулах боломжтой. Мэдээж хэрэг гарах бүтээгдэхүүн маань хувь эзэмшлээрээ хуваагдаад явах учиртай.

Компанийн хувьд зардлыг аль болох бууруулах тал дээр анхаарч ажилладаг. Тэр утгаараа тээвэрлэлт аль болох богино хийгдэж байгаа газар руу экспортлох сонирхолтой. Дэлхий дээр ураны бүтээгдэхүүний хамгийн том хэрэглэгчдийн нэг нь Хятад улс.

Зөөвч-Овоогийн орд Хятадын хил хоёрын хооронд 150 орчим км-ын зайтай. Гэхдээ өнөөдрийн байдлаар яг Хятад руу гаргана гэсэн хариулт хэлэхэд эрт байна. Төсөлтэй холбоотой нарийн зохицуулалтыг хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулах учиртай юм.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудыг эрчимжүүлнэ
Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудыг эрчимжүүлнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.