Салбарынхаа чиг хандлагыг тодорхойлогчидтой ярилцдаг МАРГААШИЙН ТУХАЙ булангийн шинэ дугаарыг хүргэж байна.
Энэ удаа бид БНСУ-ын “Анам” эмнэлэгийн их эмчээр долоон жил ажилласан, Сан Франциско хот, Калифорнийн их сургуулийн Зүрхний мэс заслын төвийн зочин профессор, Анагаах ухааны доктор Ц.Саруул эмчтэй ярилцлаа. Тэрээр манай улсад байдаг зүрхний хэм алдалтын дөрвөн эмчийн нэг юм.
-Сүүлийн үед хавь ойрын маань залуус дундаас зүрх нь гэнэт хаагдаж нас барах тохиолдол их гарах боллоо. Энэ ковидтой холбоотойгоор цус нь өтгөрснөөс боллоо ч гэж ярьж байна. Эсвэл зүрх судасны өвчлөл монголчуудын нас барах шалтгааны нэгдүгээрт байдагтай холбоотой өмнө нь ч, одоо ч байдаг л зүйл үү?
холбоотой. Энэ огт байдаггүй зүйл биш, байдаг зүйл. Энэ анхаарал татаж, ойлголт төрүүлж эхэлсэн нь ковидоос хойш бий болж байгаа зүйл. Бид 2018 оноос эхлээд Монгол Улсад зүрхний гэнэтийн үхлийн талаар судалгаа хийж эхлэх гэж хичээсэн. Зүрхний гэнэтийн үхэл 40 хүртэлх насны залууст илүү тохиолддог. 120 сая хүн амтай АНУ-д жилдээ 300 мянга гаруй зүрхний гэнэтийн үхэл тохиолддог.
-Ер нь ковид цус өтгөрөлтийг бий болгож, зүрхний гэнэтийн үхэлд хүргэж байгаа юу?
-Хүргэж байгаа. Ковид нь маш олон өвчний эх үндэс болж байгаа. Ковидоор хөнгөн, хүнд, дунд зэрэг ч бай хамаагүй өвдөөд эдгэсэн л бол 60 гаруй төрлийн өвчнөөр өвдөх эрсдлийг бий болгоно. Хүндээр өвдсөн хүмүүсийн хувьд мэдрэл, дотор, зүрх судас гэсэн гурван эрхтэн тогтолцооны эмгэг үүсэж байна. Заримд нь хоёр, заримд нь нэг тохиож болно. Тийм болохоор миний л бодлоор ковид бол үнэхээр муухай өвчин.
-Та бүхэн гэнэтийн үхлийн талаар судалгаа хийж эхлэх гэж хичээсэн гэж дээр дурьдсан. Тэр нь юу болсон бэ?
-Бид 2018 онд 3-р эмнэлэг болон орон нутгийн зүрх судасны эмч нар орон нутагт зүрхний гэнэтийн үхлийг бүртгэе гэдэг санал, санаачлага гаргасан. Шүүх эмнэлэгийн эмч нартай өөрөө уулзаад “Зүрхний гэнэтийн үхлийн тоо баримтыг гаргая, бүртгэе” гэсэн. Хэд тохиолдож байна, бид яавал зүрхний гэнэтийн үхлийн тоог бууруулж болох вэ, хэдийг нь бид аварч болох вэ гэдгийг тогтоох зорилготой судалгаа, бүртгэл юм.
Гэтэл манай монголд нэг хэцүү зүйл байдаг. Гэртээ нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн нь задлан шинжилгээнд оруулахыг зөвшөөрдөггүй. Тэгэхээр тэр хүн зүрхний гэнэтийн үхлээр нас барсан уу, өөр шалтгаан байсан уу гэдгийг тодорхойлох боломжгүй болчихдог. “Унтах гээд орондоо орсон, өглөө сэрээгүй” л гэдэг. Өнгөрөгч тавдугаар сард 31 настай үеэл дүү маань яг ийм шалтгаанаар нас барсан, харамсалтай зүйл болсон. Хэрэв 2108 оноос тэр судалгааг хийгээд эхэлсэн бол хэдэн хүнийг ч болов аврах боломжтой байсан байна даа гэж харамссан. Гэхдээ бид үнэхээр тоолж, бүртгэж чадахгүй байна.
-Нөгөө шалтгаан нь?
-Хүмүүс зүрхний гэнэтийн үхэл гэж байдаг юм байна, тиймээс 30 настай ч нэг удаа ч болтугай зүрхний бичлэг хийлгэж, шинжилгээ өгөх ёстой юм байна гэдгээ огт ойлгодоггүй. Гэтэл энэ чинь удамшлын шалтгаантай учир хэчнээн эрүүл саруул, зүв зүгээр байсан ч зүрхний гэнэтийн үхлээр нас барах эрсдэлтэй. Тиймээс 25 наснаасаа эхэлж зүрхний бичлэг хийлгэж, шинжилгээнд орчихдог байх нь хэрэгтэй. Дөчөөс дээш насанд бол зүрхний цусан хангамжийн дутмагшил буюу ишеми өвчин илүү тохиолддог. Гэхдээ манайд зүрхний ишемитэй гэдгээ мэдэхгүй явсаар байгаад гэнэт нас барчих тохиолдол олон. Хүмүүст энэ өвчний талаарх мэдээ мэдээлэл маш бага, дутмаг санагддаг.
-Зүрх судасны өвчлөл нас баралтын шалтгааны нэгдүгээрт. Жилд 5500 орчим нас бардаг гээд үзвэл, өдөрт 13 хүн энэ өвчнөөр амиа алдаж байна. Тэргүүлэх шалтгаан нь юу байж болох вэ? Эрүүл мэндийн салбарын хоцрогдол, иргэдийн өөрсдийн мэдлэггүй асуудал, эмч нарын чадваргүй, технологийн салбарын хоцрогдол уу? Урьдчилсан сэргийлж болох өвчин биз дээ?
-Тийм л дээ. Удамшлыг тооцохгүйгээр хэлбэл, амьдралын хэв маягийг хамгийн түрүүнд дурьдах шаардлагатай. Хоол хүнс, стресс, архи тамхины хэрэглээ. Мөн эрүүл мэндийн байгууллагын хүртээмж. Нэгэнт хүртээмж тааруу байгаа бол иргэд өөрсдөө тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдах хэв маягтай болж, өөрсдийгөө хамгаалах боломжтой. Хүмүүсээс асуухаар ихэндээ зүрх нь дэлсээд, дотор нь чичрээд, эвгүй амьсгаадаад ирэхээрээ л эмчид очсон байдаг.
-Зүрхний өвчин ер нь яаж мэдрэгддэг юм бэ?
-Зүрх бол мэдрэлийн төгсгөлүүдгүй, дүлий эрхтэн. Хатгаад өвдөөд байдаг нь мэдрэлтэй эрхтэн эсвэл булчин өвдөж байгаа хэрэг. Харин зүрхэнд мэдрэл байхгүй учир дүлий өвдөлттэй. Яг яагаад байгаа нь мэдэгдэхгүй дараад байгаа ч юм шиг, өвдөөд байгаа ч юм шиг, дараад нухаад байгаа ч юм шиг санагдана.
-Саяхан та Зүрхний хэм алдалтын төв хоёр дахийг нь байгууллаа гэж байсан. Зүрх судасны нас баралтын шалтгаан дотроо хэм алдалтын шалтгаан өндөр байдаг учир ингэж анхаараад хоёр дахийг нь байгуулаад байгаа юм болов уу?
-Зүрхний өвчлөл дундаа нас баралтад хүргэдэг гурван төрлийн өвчлөлийн нэг нь хэм алдалт. Нөгөө хоёр нь зүрхний дутагдал, ишеми өвчин. Монгол Улсад яагаад хоёр дахь төвийг нээсэн гэхээр ачааллыг бага ч болов бууруулах юм. III эмнэлэгт бид бүтэн жилжингээ хагалгаа хийдэг.
Бид энэ төрлийн өвчлөлийг 2018 оноос л бүртгэлжүүлж эхэлсэн. Түүнээс өмнө хэд байсныг хэлж мэдэхгүй байна. Ачаалал ийм л байна. Үүнээс гадна хааяа нэг ухаан алдаж уначихаад “Би угаасаа ингэдэг юм” гээд бидэнд мэдэгдэхгүй явж байдаг хөдөөний хүмүүс зөндөө. Тийм хүмүүс бол энэ тоонд огт ороогүй. Энэ бол өөрийгөө үзүүлээд, хагалгаанд орох заалттай гэдгээ мэдчихээд хүлээж байгаа хүний тоо.
-Хоёр дахь төвийг нээлээ гээд сүртэй өөрчлөлт орохгүй нь. Яасан хэцүү хэрэг вэ?
-Цаашдаа дахиад ч байгуулах хэрэгтэй. Ялангуяа хүүхдийн Зүрхний төвийг байгуулах хэрэгтэй. Хүүхдийн зүрхний хэм алдалт хамгийн хорон, хурдтай явдаг. Том хүний зүрхний хэм алдалт зүрхний дутагдалд хүргэтлээ 10 гаруй жил явах нь бий. Гэтэл хүүхдийн зүрхний хэм алдалт 2-3 жилийн дараа л шууд зүрхний дутагдалд хүргэдэг.
-Дүлий эрхтэн гэж та хэлсэн. Том хүн “Дараад байгаа ч юм шиг сонин болоод байна” гээд зовуурь хэлэх сэн. Хүүхдийг яаж мэдэх болж байна аа?
-Хүүхэд мэдэхгүй нь хамгийн өрөвдөлтэй. Зүрхний дутагдалд орчихоод маш хэцүү байдалд орчихоод ирдэг. Энэ төрлийн өвчтэй хүүхдүүд гүйж харайж ачаалал авсныхаа дараа амьсгаадаад, байж яддаг. Тэрийг эцэг, эх анзаарах ёстой.
-Хүүхдүүдийн дунд зүрхний хэм алдалтын өвчин их үү?
-Манайд хүүхдийн зүрхний хэм алдалтын эмч гэж байдаггүй, бэлтгэгдээгүй. Хүүхдийн зүрхний эмч нар л байгаа.
Эдгээр эмч нар зүрхний хэм алдалттай хүүхдүүдэд эмийн эмчилгээг л тохируулж явдаг. Гэтэл зүрхний хэм алдалтад эмэн эмчилгээ хангалтгүй. Би Эх нялхаст хүүхэдтэйгээ хамт хэвтэж байсан юм. Гэтэл тэнд хэм алдалттай хүүхэд байсан. Би эмчтэй нь уулзаж асуухад нөхцөл байдлыг надад ярьсан юм. Тийм болохоор 2018 онд Японоос хүүхдийн зүрхний хэм алдалтын эмч нарыг авчирч хүнд хэлбэрийн хэм алдалттай 20 орчим хүүхдийг хагалгаанд оруулсан. Удалгүй ковидын хөл хорионоос болж энэ үйл ажиллагаа зогссон. Одоо ковидын хөл хорио гайгүй болохоор хойтонгоос дахиад эхлүүлнэ гэж бодож байна. Японы гурван их сургуулиас эмч нарыг урьдаг байсан.
-Монголд зүрх судасны өвчлөлийн нас баралт их байдаг нь агаарын бохирдолтой холбоотой байж болох уу?
-Би бол 100 хувь холбоотой гэж боддог. Тосгуурын жирвигнээ гэдэг өвчин бий. Шинэ буюу анх удаа үүсэж байгаа тосгуурын жирвигнээ бүртгэгдэж байгааг ажиглахад 12 сарын дундаас эхлээд л “Анх удаа дэлсэж байна” гэж их ирдэг. Ингээд гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Хэсэг сайхан байж байгаад наадмын дараа шоу нь ихэдсэн эрчүүд их ирнэ дээ.
-Зүрхний гэнэтийн үхлээр үхэж байгаа олон шалтгаан байна. Гэхдээ аливаа улс оронд “Энэ шалтгаанаар иргэд маань хамгийн их нас барж байгаа юм чинь энэ шалтгааныг бууруулъя” гэж ажилладаг байлгүй. Манайх юм хийж байна уу?
-Тийм арга хэмжээ авдаг. Манай ЭМЯ ч УНТЭ болон Шастины нэрэмжит III төв эмнэлэгүүдийн зүрхний төвүүдийг тэргүүлэх чиглэлээ болгон, байнга дэмждэг. Тиймээс сая Зүрхний хэм алдалтын хоёр дахь төвийг байгуулж өглөө. Ховд, Эрдэнэт, Дорнод аймгуудад зүрхний төвүүдийг байгууллаа. Дэмжээд байгаа нь л тэр. Дэмжээд байгаа ч эдийн засаг, хүн хүчний асуудал хэцүү. Тэнд нь ажиллах эмч, сувилагч, техникч гээд хүмүүсийн дутагдал гарна. Ганц эмч тэр техникүүдийг ажиллуулж чадахгүй л дээ.
-Солонгост, Америкт ч юм уу харахад тэнд энэ асуудлыг яаж шийдэж байна?
-Солонгос бол хүний нөөцийн асуудлаа гайхалтай шийддэг ард түмэн. Жишээ нь, эмч нарыгаа тасралтгүй сургадаг.
Тиймээс тэд “Бид ингэж хөгжих ёстой юм байна” гэдэг сэдлийг байнга авдаг байх. Тэд мөн эмчийг дагалдуулж сувилагч, техникч гээд багаар нь бэлтгэдэг. Миний сувилагч, техникч байхгүй бол би жишээ нь хэн ч биш шүү дээ. Манай улс саяхан Элэгний төвийг байгуулахдаа л “Багаар нь бэлтгэх хэрэгтэй юм байна” гэдгээ анх ойлгосон. Солонгос бол багийг тасралтгүй, маш сайнаар бэлтгэдэг. Америкийн хувьд эмнэлгийн байгууллагат ажилладаг хүмүүс нь маш өндөр цалинтай. Тиймээс өндөр өрсөлдөөнтэй. Эмнэлэгт ажилд орлоо гэхэд амьдрал нь сайхан болчих учир ажлаа л бодно. Чадварлаг хүмүүс нь эмнэлэгүүд рүү орох хүсэлтэй байдаг, тийм өрсөлдөөний орчин хэдийнээ бий болсон.
-Зүрх судасны өвчлөл хэдий болтол монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан байх бол?
-Европын холбооны өндөр хөгжсөн улсууд, Япон, Солонгос, Америкийг хараад байхад зүрх судасны өвчлөл мөн адил нэгдүгээрт байдаг. Тиймээс судалгаа, урьдчилсан сэргийлэлтэд маш их санхүүжилт зарцуулдаг. Миний анзаарснаар дэлхий даяар сүүлийн 30-40 жилд энэ төрлийн өвчлөл, нас баралт тэргүүлэх шалтгаан байсаар байна. Ингээд харвал манай улсад хэзээ энэ өвчин буурч, салах бол гээд бодоход хэцүү л байгаа юм. Америк гэхэд 2050 онд бараг л хүн амынх нь тал нь тосгуурын жирвигнээт хэм алдагдалтай болно гэж таамаглаж байна. Ингээд бодохоор ойрын хугацаанд тэд лав сална гэж бодохгүй байна даа.
-Тэгвэл бодлогын түвшинд авч хэрэгжүүлмээр ямар арга хэмжээ байна?
-Зүрхний гэнэтийн нас баралтын хувьд бодлогын түвшинд бас ажиллах ёстой. Зүрхний массаж гэж ямар зүйл байдгийг хүмүүс сурах, бүр сургууль цэцэрлэгээс нь хүүхдүүддээ зааж өгөх хэрэгтэй. Нэг удаа банканд зогсож байтал нэг ахын зүрх нь зогсоод, унасан. Эхнэр нь орилоод л цээжийг нь илээд байсан. Тэр ямар ч нэмэргүй. Зүрхний массаж гэдэг нь хиймэл амьсгал хийдэг дээ, тэр юм.
Би 2015 онд Эрүүл мэндийн сайдаас “Олон хүмүүс цугладаг, олон нийтийн газруудад зүрхний цахилгаан аппарат байрлуулаач” гэж гуйж байлаа. Зүрх нь зогссон хүмүүсийн амийг аварна шүү дээ. Нэг аппарат жилдээ нэг хүний амийг аврахад тэр аппаратын өртөг нөхөгддөг гэдэг.
Гадаадад хаа сайгүй л байдаг. Миний бодлоор Улаанбаатарт хамгийн их хүн шигүү байдаг захууд, банкууд, удаан цагаар битүү орчинд байх шаардлагатай газруудад байх ёстой. Тэгж байж нэг ч гэсэн хүний амийг аварна. Энийг бодлогын түвшинд гаргаж ирээд хийх шаардлагатай юм.
-Та бид хоёр 2014 онд анх таныг “Анам” эмнэлэгт ажиллаж байхад анх холбогдож байсан. Тухайн үед томоохон клиникүүдийг хувьчлах хэрэгтэй гэж та үзэж байсан. Одоо энд ирээд бас хэдэн жил ажиллачихлаа. Дотор нь орсон хүний хувьд эрүүл мэндийн салбарт болохгүй байгаа зүйл нь юу байна?
-Хөгжил маш удаан. Таван жил монголд ажиллачихаад хэсэгтээ гадагшаа явж, өөрийгөө илүү боловсруулж байгаад эргэж ирье гэж бодох шалтгаан нь монголд хөгжил маш удаан явдаг. Манай багийнхан бас надтай адил урагшлах гээд л тэмүүлэл өндөртэй. Гэтэл “Ингээд байж л байдаг” гэдэг бодолтой хүмүүс маш их. Монголчууд маань хуучин хэв маягтаа, дассан зүйлдээ аз жаргалтай байдаг. Энэ нь хөгжлөө удаашруулаад байгаа хэрэг. Сэтгэлгээний өөрчлөлт бидэнд хэрэгтэй. Дэлхий даяараа шинжлэх ухаан яаж хөгжиж байна гэдгийг хардаг байх, ядаж хараанаасаа алдчихмааргүй л байгаа юм. Манай монголчууд гэтэл “Болдог юм, ингээд явсаар л ирсэн” гэж боддог нь харамсалтай.
-Та яагаад “Монголчууд” гэж яриад байна. Бид аливаад хэдэн улстөрчдөө буруутгачихаад сууж байхдаа жаргалтай байдаг юм шүү.
-Зөвхөн улстөрчдөөс бүх буруу зүйл болоод байгаа юм биш. Ер нь л манайхан их назгай тайван, удаашралтай хүмүүс. Монголд 7-9 сарын хооронд ажил төлөвлөөд ямар ч хэрэг байхгүй, угаасаа бүтэхгүй. Солонгост бол механизм бол тасралтгүй ажилладаг. Энэ хурдаараа бид хэзээ нэг аятайхан болно доо гэж харамсах сэтгэл төрдөг дөө.
-Таны докторын сэдэв үүдэл эс?
-Магистрын сэдэв маань ч үүдэл эс. Зүрхэнд бичил судас шинээр үүсэж байж цусан хангамжийг нэмэгдүүлэх боломжтой гэж үздэг. Зүрхний шигдээс болсон, үхэжсэн булчинг сэргээх боломжгүй ч, эргэн тойронд нь байгаа эсүүдийг үүдэл эсээр сэргээх боломжтой. Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад туршилт нь явагдаад дуусчихсан нэг эмчилгээ нэвтрээд байна. Тэр бол наалт, тэдгээрийг үйлдвэрлэж эхэлж байна. Наалддаг био материал дээр үүдэл эсүүдийг суулгаад, зүрхний шигдээс болсон хэсэгт наачихна. Тэгэхээр эсүүд нь булчинд шигдэж ургаад, шинэ булчингийн эс үүсгэдэг. Дэлхий дахинд үүдэл эсийн судалгаанууд өндөр үр дүнтэй явж байгаа. Тиймээс миний магистр, докторын сэдэв үүдэл эс. Азийн өндөр хөгжилтэй улс орнуудад угаасаа үүдэл эсийн судалгаа хийж байж доктор хамгаалахыг зөвшөөрдөг. Үүдэл эсийн судалгаа хийхгүйгээр анагаа ухааны доктор хамгаалах боломжгүй.
-Гэхдээ үүдэл эс саяхнаас буюу 2000 оны эхнээс л яригдаж эхэлсэн биз дээ?
-Тийм боловч үүдэл эсийн судалгааны хөгжил үнэхээр сайн явж байгаа. Манайхан л эсийн коктейль яриад байгаа болохоос.
-Наадхыг чинь асууя. Эхэсийн коктейль, үүдэл эсийн тарилга залуужуулна гээд л байх юм. Худлаа гэсэн үг үү?
-Үүдэл эсийн тарилга, эхэсийн тариа гээд л нэг хэсэг яриад байсан. Тэрийг оруулж ирэхээ больчихсон. Яагаад? Яагаад гэвэл тэр чинь худлаа гэдгийг дэлхий даяараа баталчихсан.
Илүү тээлттэй ээжүүдэд “Эхэс нь шохойжоод эхэллээ, яаралтай төрүүлнэ” гэдэг шүү дээ. Тэр чинь эхэс нь үхээд эхэлчихсэн учир ураг эхээсээ цус авч чадахаа байгаад яаралтай төрүүлж байгаа хэрэг юм. Яг үнэндээ гэвэл тэр чинь биднээс ч хөгшин эс шүү. Бид 80 нас хүрэх программчлалтай төрсөн байлаа гэхэд одоо дундаа явж байна гэсэн үг дээ. Харьцуулаад бодвол тийм л юм. Хүмүүс хүйн судасны цусанд байдаг үүдэл эстэй андуурдаг. Тэрийг эрүүл мэндэд ашиглаж болох нь уу гэдгийг судалж байгаа. Үүдэл эс бидний өөрсдийн цусанд ч зөндөө их бий.
-Үүдэл эсээр аутизмыг эмчилдэг гэж сонссон. Тийм байж болох уу?
-Судалгааныхаа явцад байгаа. Би аутизмаар сонирхож судлаагүй болохоор яг нарийн мэдэхгүй байна. Гэхдээ цаашдаа аутизмтай төрөх хүүхдийн тоо нэмэгдэнэ гэдэг дэлхийн хандлага байгаа. Тэгэхээр зүрх судасны өвчлөлөөс гадна аутизмын судалгаа их явагдах байх. Мөн хөгшрөлтийн судалгаа их цаашдаа хийгдэх ихээр хийгдэх болов уу.
-Үүдэл эсийн судалгаагаар тэргүүлж байгаа улс орнууд гэвэл?
-Ер нь үүдэл эсийн судалгаа Япон, Хятад, Сингапур, Америк, Франц, Нидерландад гайхалтай хөгжиж байна. Эд судалгааны үр дүнгээ заримыг нь нээлттэй гаргадаг, заримыг нь дардаг. Судлаад үзвэл гайхалтай үр дүн нэлээд бий.
-Манай улсад саяхан УНТЭ-ийнхэн цусны хорт хавдартай хүнд үүдэл эс суулгалаа. Бас хөгжөөд л байна. Илүү сайжруулахын тулд лаборатори байгуулах шаардлагатай юу?
-Шаардлагатай. Алийн болгон бид гадны судалгаа уншаад л суухав дээ. Бид өөрсдийнхөө чадварлаг залуусыг илүү зоригжуулж, ажиллуулах хэрэгтэй. Ялангуяа шинэ гарч ирж байгаа чадварлаг залууст үүдэл эсийн лаборатори гаргаад, өөрсдийгөө дэлхийн түвшинд сорих боломжийг олгох нь зөв л гэж бодож байна. Ер нь үүдэл эсийн судалгаа хэр явж байгаа нь тухайн улс оронд шинжлэх ухаан хэдий хэр хөгжиж байгаагийн нэг илрэл болдог.
-Ярилцсанд баярлалаа.