/2022.07.07/: Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Эрүүл мэнд, боловсролын салбарт амьдралынхаа 50 гаруй жилийг зориулахдаа нүдний бичил мэс заслыг хөгжүүлэх, орчин үеийн шинэ технологийг нүд судлалын салбарт нэвтрүүлэхэд чармайн ажиллаж, 1983 онд эх орондоо анх хиймэл болор суулгах мэс заслыг хийснээс хойш эдүгээ 8,000 гаруй хүнд болор суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна.
Олон мянган хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн, салбартаа олон улсын жишиг төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтыг гардан нэвтрүүлж, олон зуун нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн бэлтгэсэн нөр их хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн Монгол Улсын Ардын эмч, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүд судлалын тэнхимийн зөвлөх багш, доктор, Жамъянжавын Баасанхүүд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Эх сурвалж: ЕТГ