/2022.05.26/: Украины зүүн хэсэгт орших стратегийн чухал ач холбогдолтой Северодонецк хотын эргэн тойронд "ширүүн тулаан" болж байна гэж Украины албаны хүмүүс мэдэгдэв.
Энэ нь Оросын арми 2014 оноос хойш Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хяналтад байгаа Луганск, Донецк мужуудыг бүрэн хяналтандаа авахаар хүчин чармайлтаа эрчимжүүлж байгаагийнх юм.
Северодонецкийн төлөөх тулалдаан: Оросын цэргүүд Луганскийг хянахад чухал ач холбогдолтой аж үйлдвэрийн хот руу гал нээх нь огцом нэмэгдсэн гэж Украины цэргийн дээд албан тушаалтан мэдэгдэв. Луганскийн цэргийн захиргааны дарга Серхи Хайдай “Дараагийн долоо хоног юу болох нь их чухал байна. Хэрэв тэдний дайралт бямба, ням гараг гэхэд амжилтанд хүрч чадахгүй бол тэдний довтолгооны хүч дуусч, нөхцөл байдал бидний хувьд тогтворжих болно" гэв.
Донецк дахь Оросын довтолгоо: Украины Батлан хамгаалах яам Оросын арми хөрш Донецк мужийн Лайман хот руу "эрчимтэй довтолгоо хийж байна" гэж мэдэгдэв. Лайман бол төмөр замын чухал зангилаа хот бөгөөд хэрэв Оросууд тэнд хяналтаа бэхжүүлж чадвал ойролцоох Словянск хот их бууны довтолгоонд илүү өртөмтгий болж, тус хотын зүүн өмнөд хэсэгт байрлах Украины цэргүүд бүслэгдэх эрсдэлд орох аж.
Хүнсний хямрал: Орос улс олон улсын хамтын нийгэмлэгийг "шантаажлах" оролдлого хийж байна. Хэрэв Москва Украины үр тарианы экспортод тавьсан хоригоо арилгахгүй бол хөдөө аж ахуйн бүхэл бүтэн мөчлөг тасалдаж, "олон жилийн хүнсний хямрал"-ыг өдөөж болзошгүйг тэрээр анхааруулав.
Путины иргэддээ өгч байгаа амттан: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт цэргийн эмнэлэгт очих үеэрээ Украинд шархадсан цэргүүдтэй уулзсан тухай Кремль нийтэлсэн бичлэгээс харж болно. Инфляци нэмэгдэж байгаа энэ үед ОХУ-д зургадугаар сарын 1-нээс эхлэн тэтгэвэр тэтгэмж болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ мэдэгдэхүйцээр нэмэгдэнэ гэж тэрбээр мэдэгдэв.
Салан тусгаарлагчдын паспорт: Лхагва гарагт Путин Оросын цэргүүдэд эзлэгдсэн Херсон, Запорожье мужуудын Украины иргэдэд Оросын иргэншил авахад хялбар болгох зарлигт гарын үсэг зурав. Украины Гадаад хэргийн яам энэ үйлдлийг буруушаалаа.
Эх сурвалж: CNN, BBC