/2022.04.27/: ОХУ хуурай замын довтолгоогоо эрчимжүүлж байгаатай холбогдуулан Украины зэвсэгт хүчин зүүн бүс нутгийн хэд хэдэн хот, тосгоныг алдсаныг хүлээн зөвшөөрлөө.
Украины армийн хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт мэдээлснээр, гурван фронтод ширүүн тулаан үргэлжилж байгаа бөгөөд Оросын цэргүүд Орос дахь баазуудаас нэмж хүчээ зузаатгаж байна гэлээ.
Газар нутгаа алдсан ч Украины эрх баригчид зөвхөн Донецк, Луганск мужид дайсны есөн довтолгоог няцааж, Оросын техник хэрэгсэл, түүний дотор есөн танк, 11 их бууны системийг устгасан гэж мэдэгдэв.
Украины цэргүүд Кремлийн тунхагласан зорилго болсон Донецк, Луганск мужуудыг бүхэлд нь Оросын зэвсэгт хүчинд оруулахгүйн тулд үндсэндээ гурван чиглэлд тулалдаж байна.
Хойд зүгээс Оросын анги нэгтгэлүүд Изийумаас өмнө зүгт орших Баркинове хотын чиглэлд довтолж, хэд хоногийн турш маргаантай байгаа Заводы тосгоныг эзэлсэн гэж Украины арми мэдэгдэв.
Украинчууд мөн адил нутаг дэвсгэрт орших Велика Комышуваха суурингийн захыг оросууд эзлэн авсныг хүлээн зөвшөөрсөн байна.
Зүүн зүгээс Оросын арми Заричне хотыг хяналтандаа авч, ойролцоох Ямпил руу дайрч эхэлжээ.
Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Оросын довтолгооны ажиллагаа мөн Северодонецк, Попасна, Курахив зэрэг газруудад чиглэв. Оросын цэргүүд Новотошкивске сууринг мөн хяналтандаа авсан бөгөөд баруун тийш улам урагшлахаар оролдож байна.
Өмнөд хэсэгт Оросын арми Крым руу хуурай замын гүүрийг нэгтгэж, Украины эрэг орчмын бүс нутгийг эзлэхийг оролдож байна.
Украины Зэвсэгт хүчний өмнөд хэсгийн командлал хэлэхдээ, Оросын анги нэгтгэлүүд дахин бүлэглэж, агаарын тагнуулын ажиллагаа явуулж байгаа бөгөөд хойд зүгээс Кривой Рог хот руу, Запорожье муж руу түлхэхийг оролдож байна.
Мэдэгдэж байгаа хохиролд Зеленодольск хотын эрчим хүчний дэд бүтэц, Днепропетровск хотод гарсан хүчтэй түймэр багтсан байна.
Эх сурвалж: CNN