/2022.4.12/ "Гүйцэтгэлийн аудитын дүгнэлтээр манай улсын эмийн зах зээлд 500 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байна. Нийлүүлэгдэж буй өргөн хэрэглэгддэг голлох эмүүдийн үнэ дэлхийн зах зээлийн үнээс 10-15 дахин буюу 82 хувиар өндөр үнэтэй импортлогдож буй хэрнээ үйлчлэх чанар муу, ямарч хяналтгүй байна гэжээ" хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг бичжээ.
Үндэсний аудитын газрын Аудитын гуравдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд:
-2020 оны 222 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулсан нь эмийн зохицуулалтыг харилцан уялдаатай, нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай болгох алхам болсон ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, орон тоо төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй, үйл ажиллагаа жигдрээгүйгээс эмийн чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг бие даан хэрэгжүүлээгүй, эмийн гаж нөлөөг бүртгэх, хянах, мэдээлэх тогтолцоо бүрдээгүй. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Эмийн зохицуулалтын байгууллагын чадамжид 2 жил тутам үнэлгээ хийж баталгаажуулаагүй.
Эмийн бүртгэл, тусгай зөвшөөрөл олголт, үр дүнд тавих хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй, эмийн чанарт хяналт тавьж буй лаборатори шинжилгээний зарим аргыг ашиглах боломжгүй, биоэквивалент судалгааг хийж эхлээгүй зэргээс хэрэглэгчдийг өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангасан гэж үзэх боломжгүй.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, уламжлалт эмийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тогтвортой, үр дүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлээгүйгээс уламжлалт эмийн түүхий эд импортоос хараат байгаа нь эмийн түүхий эдийг дотоодоос бэлтгэх, тарималжуулах чиглэлээр төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатайг харуулж байна хэмээн аудитын тайланг танилцууллаа.
Эх сурвалж: парламент.мн