/2022.04.12/: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь дайныг удирдах шинэ генералтай боллоо.
Оросын өмнөд цэргийн тойргийн командлагч, армийн генерал Александр Дворниковыг Украин дахь Оросын цэргийн кампанит ажлын театрын командлагчаар томилсон тухай АНУ-ын албаны хүн болон Европын албаны хүмүүс мэдэгдэв.
Путин 2015 оны есдүгээр сард Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газрыг дэмжихээр тус улс руу цэргээ илгээсний дараа 60 настай Дворников ОХУ-ын Сирид явуулж буй цэргийн ажиллагааны анхны командлагч байсан юм.
2015 оны есдүгээр сараас 2016 оны зургаадугаар сар хүртэл Сирид Дворниковыг командлах үед Оросын нисэх онгоцууд Ассадын дэглэм болон түүний холбоотнуудад дэмжлэг үзүүлж, босогчдын хяналтад байгаа Алеппогийн зүүн хэсгийг бүслэн, хүн ам шигүү суурьшсан хорооллуудыг бөмбөгдөж, энгийн иргэдэд их хэмжээний хохирол учруулсан. Тус хот 2016 оны арванхоёрдугаар сард Сирийн засгийн газрын хүчний мэдэлд очсон.
Дворников 2000-2003 онуудад Оросын хойд Кавказыг номхотгох кампанит ажилд, тэр дундаа Чечений хоёрдугаар дайнд оролцож, Чеченийн бүс нутгийн нийслэл Грозный хотыг балгас болсон.
Оросын арми Украины зарим хэсэгт мөн адил хатуу арга барил хэрэглэж, томоохон хотуудын орон сууцны барилгуудад цохилт өгч, Украины Мариуполь боомт хотын ихэнх хэсгийг нураажээ.
Дворниковыг 2016 оны гуравдугаар сард Кремлийн тушаалаар "ОХУ-ын баатар" цолоор шагнасан.
Украин дахь Оросын дайныг удирдан явуулах ерөнхий командлагчийг шинээр томилсон нь Оросын хүчнийхэнд саад болж байсан өөр нэг асуудал болох зохицуулалт дутмаг байдлыг арилгах оролдлого бололтой.
Эх сурвалж: CNN