/2022.04.11/ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Манайхан нэг зүйлийг буруу ойлгоод байна. Юу гэвэл, УИХ-ын гишүүд 4 тэрбум төгрөг төсөвтөө авдаг гэж боддог. Гэхдээ өмнө нь хэзээ ч тийм зүйл байгаагүй. Энэ бол аймаг, дүүрэгт хийх хөрөнгө оруулалтын саналтай холбоотой асуудал.
Мөн гишүүд хууль санаачлах эрх дээрээ 20 сая төгрөг авдаг гэсэн ташаа ойлголт байна. Энэ бас өмнө ч байгаагүй, одоо ч байхгүй. Түүнчлэн УИХ-ын гишүүд утасны төлбөрөө төлүүлдэггүй. Шатахууны төлбөр гэж 1 сарын хугацаанд 500 мянган төгрөг л авдаг.
Туслахын асуудал дээр ярихад нэг зөвлөх, нэг туслахтай. Тойрог дээр ажиллах 2 бие төлөөлөгч л байгаа байх. Ер нь УИХ-ын нийт зардал 50 тэрбум төгрөг л багтдаг. Үүнээс хэмнээд шалих зүйл байхгүй. Иргэд өөрсдөө хэмнэ гэж байна. Гэхдээ 2 сарын өмнө УИХ-ын гишүүдийн зардлаас 11 хувь, байнгын хороодын зардлаас 16 хувь хэмнэсэн гэдгийг УИХ-ын дарга мэдэгдсэн. Одоо дахиад төсвийн тодотгол хийх гэж байна.
Түүнчлэн орон тооны цомхтгол хийнэ гэдэг нь энэ цаг үед төвөгтэй гэж яригдаж байгаа гэлээ.