/2022.3.28/ "Орон сууц- Нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2022" өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж байна. Уг зөвлөгөөнийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар зөвлөгөөнд оролцогсдод хандан үг хэлж, чиглэл өгч, амжилт хүслээ.
Тэрээр хот, суурин газрыг байгуулах, хөгжүүлэхэд газрын доорх ертөнц буюу инженерийн цогц шийдэл бүхий дэд бүтцийн шугам сүлжээг бий болгох, түүнийг зүй зохистой ашиглах, өргөжин хөгжүүлэх явдал юм гэж хэлээд энэхүү асуудалд аймаг, нийслэлийн Нийтийн аж ахуйн байгууллагуудын үүрэг онцгой чухлыг онцлон тэмдэглэв.
Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа болон хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэхэд хамтран дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цаашдын ашиглалт үйлчилгээг бүрэн хэмжээнд хариуцах, өмчийг эзэнтэй, амьтай байлгахад энэ салбарын бүх инженерүүд, нийт албан хаагчид зүтгэл гарган ажиллахыг чиглэл болголоо.
Энэ салбар нийт 11 мянга гаруй албан хаагчтай ажээ. Салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн асуудал нь бүрэн шийдэгдээгүй тул ажлын байраа орхих хандлага их байдаг талаар БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан ярьж байна. Мөн тэрээр "Хуримтлагдсан алдагдал нь салбарын хэмжээнд 256 тэрбум төгрөгт хүрчээ. Мөн 2021 онд 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээлээ" гэв.
Эх сурвалж: "Орон сууц-нийтийн аж ахуй удирдах ажилтны зөвлөгөөн-2022"