/2022.03.28/: Москвагийн хэвлэл мэдээллийн хяналтын байгууллага Роскомнадзор ням гарагт мэдэгдэл гаргаж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Оросын бие даасан сэтгүүлчдийн ярилцлагыг дахин дамжуулах, түгээхгүй байхыг Оросын мэдээллийн хэрэгслүүдэд анхаарууллаа.
Зеленскийн Telegram сувагт бүрэн эхээр нь нийтэлсэн урт видео ярилцлагад Оросын хамгийн нэр хүндтэй бие даасан сэтгүүлчид, тухайлбал зохиолч Михаил Зигар, саяхан хаагдсан ТВ Rain сувгийн ерөнхий редактор Тихон Дзядко нарын асуултууд багтжээ.
Зеленский Telegram платформыг ашиглан Оросын сэтгүүлчидтэй ярилцсан бөгөөд тэрхүү ярилцлагад "Zygar YouTube суваг, TV Rain, Meduza портал, "Коммерсант", "Новая газета" зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид оролцжээ.
Үүний дараа Роскомнадзор Telegram дээр мэдэгдэл хийж, зарим мэдээллийн сурвалжийг Оросын засгийн газар албан ёсоор "гадаадын агент" гэж нэрлэсэн байна.
"Роскомнадзор Оросын хэвлэл мэдээллийнхэнд энэ ярилцлагыг нийтлэхгүй байхыг анхааруулж байна" гэж мэдэгдэлд дурджээ. Мөн тэдгээрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд шалгалт явуулах аж.
Эх сурвалж: CNN