/2022.02.27/ Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан зохион байгуулж буй баруун бүсийн байгаль орчны салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн “ОЛУУЛАА НЭГДЭЖ АСУУДЛАА ШИЙДЬЕ” уулзалтыг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Өлгий хотод зохион байгууллаа.
Ховд, Увс, Баян-өлгий, Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 553 хүн байгаль орчны салбарт ажиллаж байгаагийн 107 нь эмэгтэй буюу 20 орчим хувийг эзэлж байна.
Уг уулзалтын зорилго нь эмэгтэйчүүд ажлын туршлага, арга зүйн талаар харилцан туршлага солилцох, эмэгтэйчүүдийн манлайллыг байгаль хамгаалалд өргөжүүлэх, тэднийг үйл хэргийг олон нийтэд түгээх юм. Уулзалтад БОАЖЯ-наас зочин илтгэгч оролцож, жендерийн бодлогын талаар мөн мэдээлэл хийлээ.
Тус уулзалтын хүрээнд авсан судалгааны зарим сонирхолтой тоо баримтаас дурдвал,
- Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Ичинхорлоо 46,671 км замыг туулж ажил үүргээ гүйцэтгэсэн нь экваторын шугамаар бүтэн аялснаас урт юм.
- Байгаль хамгаалагч хүний ажил ихэвчлэн хээр гадаа, гэрээсээ хол ажиллахыг шаарддаг нь эмэгтэй хүнээс их тэвчээр, хатуужил шаарддаг гэдгийг Ц.Нарантуяагийн жилийн 365 хоногийн 112 т нь томилолтоор ажилласан байдлаас харж болно.
- Судалгаанд оролцсон мэргэжилтнүүд салбар дундын уялдаа холбоо муу, улс төрийн тогтворгүй байдал, тоног төхөөрөмж (GPS, дуран, зөөврийн компьютер) дутагдалтай байдаг, шөнийн ээлжээр нь ажиллах зэрэг хүндрэл бэрхшээл байдгийг дурдсан байна.