Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй өнөөдөр буюу энэ сарын 5-ны өдөр хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцааны тодорхой асуудлуудаар ярилцжээ.
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятад улс хүн төрөлхтний эв нэгдэл, энхтайвны бэлгэдэл болсон олимпын наадмыг цар тахлын хүнд үед товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд өнгөрсөн оны долдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийснээс хойш 6 сар гаруйн дараа дахин биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлалд монголын тал өндөр ач холбогдол өгч байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэмдэглэв.
Мөн тэрбээр хоёр талын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, Монгол, Орос, Хятад 3 улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцсоноос гадна хоёр талын хооронд олон жилийн турш яригдсан Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замыг холбох ажлыг шуурхайлах, цөлжилт, шар шороон шуургайтай хамтран тэмцэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, БНХАУ руу мах болон хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хятадын тал Монгол Улсын “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төслүүдийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдээд дээр дурдсан төмөр замуудыг холбох ажлыг шуурхайлах, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
Эх сурвалж: ГХЯ