/2022.02.05/ Өвлийн XXIV дэх удаагийн олимпын наадам БНХАУ-ын Бээжин хотноо үргэлжилж байна.
Манай улсаас Ерөнхий сайд болон холбогдох албаны хүмүүс өвлийн олимпын наадмыг зорьсон юм. Айлчлалын багт 15 хүн багтсан байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 3-8ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр Олимпын нээлтэд оролцож БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийх ажээ.
Мөн Монгол, Хятадын харилцаа болон бусад асуудлаар санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ гэв. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао нартай уулзалт хийх юм байна.
Өөр ажил хэргийн хэд хэдэн уулзалт бий. Эдгээр уулзалтад Монголын талаас
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
- Сангийн сайд Б.Жавхлан,
- Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар
- УИХ дахь Монгол Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан,
- Монгол банкны ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн,
- Монгол Улсаас БНХАУ-д суух элчин сайд Т.Бадрал,
- Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ЭСЯ-ны элчин зөвлөх,
- 3-р нарийн бичгийн дарга, хэлмэрч нар байлцана.
Бусад бүрэлдэхүүнд: Ерөнхий сайдын зураглаач, зурагчин, хамгаалалтын бүрэлдэхүүн гэсэн хүмүүс багтсан байна. Өвлийн олимпийг өндөр түвшинд зохион байгуулж буй БНХАУ-ын шаардлагыг хүндэтгэж Ерөнхий сайдын ажлын айлчлал анх удаа 15 хүний цомхон бүрэлдхүүнтэй явсан ажээ.