/2022.01.31/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Хоёр жилийн өмнө тэтгэврийн зээл тэглэж байх үеэр тэтгэврийн зөрүү, шинэчлэлтэй холбоотой асуудлыг ярьж байсан. Тэтгэврийн шинэчлэлийг хий гэж олон жил хэлж байна. Тэтгэврийн сан чинь үнэхээр тэтгэвэрт гарчихлаа. Нийгмийн даатгалын реформыг төсвийн реформтой хамтатгаж шийдэхгүй бол бид жил бүр ийм зүйл яриад сууж байна. Тиймээс тэтгэвэр индексжүүлэх асуудлыг шийдэх ёстой. Жил бүр инфляцтай уялдуулж тэтгэврээ нэмэхгүй бол тэтгэврийн зөрүү гэдэг асуудал үүснэ. Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг хагас хуримтлал руу шилжүүлж чадвал тэтгэвэр өвлүүлэх асуудал шийдэгдэнэ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Н.Учрал гишүүн маш зөв асуудал хөндөж байна. Уг нь нийгмийн даатгалын багц хуулиудаа хэлэлцэж шийдвэрлээд явбал их зүгээр байгаа юм. Цаашид тэтгэврийн шинэчлэлийг бусад хуулиудтай нь уялдуулаад явах хэрэгтэй. Сая нийгмийн даатгалын багц хуулиудаа баталчхаад тэтгэвэр нэмсэн бол эрэмбэ нь зөв байх байлаа. Гэтэл түрүүлээд тэтгэврээ нэмчихлээ. Реформын шинж чанартай нийгмийн даатгалын хуулиудаа баталчхаад саяын нэмэгдлүүдээ хийсэн бол иргэдэд хүрэх байсан. Энэ жил 650 тэрбум төгрөг, ирэх жил 1 их наяд төгрөг зарцуулчхаад дахиад үүн дээр реформ хийнэ гэвэл зардлыг нь бараг дийлэхгүй дээ. Нийгмийн даатгалын сан өөрөө маш их алдагдалтай. Нэг тийм байр нь солигдсон зүйл болчихлоо.