“Build Mongolia-2022”-ыг илүү өргөн хүрээтэй, далайцтай зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Build Mongolia-2022”-ыг илүү өргөн хүрээтэй, далайцтай зохион байгуулна

“Build Mongolia-2022” олон улсын үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын талаар ерөнхий зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн ерөнхий захирал Т.Баттулгаас тодрууллаа.

-Цар тахлаас шалтгаалаад сүүлийн жилүүдэд олон улсын үзэсгэлэн болон хурлууд цуцлагдаж, зарим нь хойшилсон. Энэ жилийн хувьд олон улсын чанартай хэд хэдэн үйл ажиллагаа болох юм байна. Үүний нэг нь “Build Mongolia-2022”. Уг үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хэдэн хувьтай яваа, хичнээн компани, аж ахуйн нэгж оролцох талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цар тахлын тухай ярианаас залхдаг боллоо шүү. 2 жил гаруй, 3 дахь жилдээ амьдралын хэмнэл, хөгжлийн боломж алдагдлаа. Энэ хугацаанд ажил төрлөө хойшлуулсан бизнесийн байгууллагуудын дунд харилцагчидтайгаа нүүр тулан уулзах, хамтын ажиллагаагаа сэргээх, өсгөж өргөжүүлэх асар их хүлээлт бий боллоо. Чухам ийм хүлээлтэд хариу болгож Монголын эдийн засгийн чухал салбаруудыг хамарсан “Build Mongolia-2022”-ыг өмнөхөөс илүү өргөн хүрээтэй, далайцтай зохион байгуулахаар бэлдэж байна. Үзэсгэлэн энэ оны дөрөвдүгээр сарын 20-22-нд болно. Нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцохоос одоогоор тэн хагас нь захиалгаа баталгаажуулаад байна.

-Барилга, уул уурхай, дэд бүтэц гээд том салбаруудыг хамарсан “Build Mongolia-2022” үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ?

-“Build Mongolia” буюу “Монгол бүтээн байгуулалт 2022” үзэсгэлэн бол бүтээн байгуулалтын бүх салбарыг хамарсан олон улсын үзэсгэлэн. Харилцан уялдаатай барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбаруудыг нэгэн дээвэр дор нэгтгэж, эдгээр салбарт нэвтэрч байгаа шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг танилцуулах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа. Манайд барилга, уул уурхайн үзэсгэлэнгүүд болдог боловч эрчим хүч, зам, хүнд үйлдвэрийн салбаруудын үзэсгэлэн тогтмол болдоггүй. Тэгэхээр энэ үзэсгэлэн нэр дурдагдсан салбаруудын хувьд том боломж гэсэн үг. “Build Mongolia” бүтээн байгуулалтын салбаруудын хамгийн том, хамгийн далайцтай, хамгийн үр дүнтэй үзэсгэлэн байх болно.

-Үзэсгэлэнд оролцогчдод ямар давуу тал, боломжийг олгох вэ?

-Дээр дурдсан эдийн засгийн салбаруудын ажил өөр хоорондоо харилцан уялдаатай явагдаж, бие биеэ нөхөж байж бүтээн байгуулалт төгс хийгддэг. Тэдгээрт хэрэглэгддэг техник технологи, түүхий эд нэг учраас үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулах бизнесийн байгууллагуудын хувьд бүх зах зээл нь нэг дор цугларснаараа асар их давуу талтай. Жишээлбэл, хүнд машин механизм нийлүүлэгчдийн хувьд барилга, зам, уул уурхай, эрчим хүчний салбар бүгдээрээ зах зээл нь, цемент бетон хийц үйлдвэрлэгчдийн хувьд барилга, зам, эрчим хүчний салбар бүгдээрээ зах зээл, эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн хувьд эрчим хүчний салбар, барилга, уул уурхай бүгдээрээ зах зээл болдог. Тийм учраас “Build Mongolia” үзэсгэлэн бол бүтээн байгуулалтын салбаруудын хувьд бол техник технологийн нэг цонхны үйлчилгээ, үзэсгэлэнд оролцогчдын хувьд зах зээлийн нэг цэгийн төвлөрөл юм даа.

-“Build Mongolia-2022” үзэсгэлэнд шинээр оролцож байгаа компани болон хамгийн сонирхолтой техник, тоног төхөөрөмжөөс дурдахгүй юу?

-Одоогоор оролцогчдын тоо, бүтээгдэхүүний мэдээлэл сүүлийн байдлаар нэгтгэж гараагүй байгаа учраас энэ талаар ярихад арай эрт байна.

Энэ онд “Экспо Монгол” компани 5 үзэсгэлэн зохион байгуулна

-“Экспо Монгол” компаниас зохион байгуулж буй сүүлийн үеийн ажлуудаас сонирхуулахгүй юу?

-“Экпсо Монгол” ХХК бизнес эдийн засгийн гол салбаруудад 2022 онд олон улсын агентуудтайгаа хамтран “Build Mongolia”, “Mongolia Mining”, “Agro Expo”, “Auto Expo”, “Beauty Expo” гэсэн олон улсын чанартай 5 үзэсгэлэн зохион байгуулна. Бид үзэсгэлэн зохион байгуулахад дэлхийн стандарт, орчин үеийн чиг хандлага, технологийн дэвшлийг нэвтрүүлж, бизнесийн байгууллагуудад үнэ цэнэтэй маркетинг, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхийг зорьж ажилладаг.

-Олон улсын чанартай арга хэмжээ зохион байгуулахад хөрөнгө оруулалтаас эхлээд олон асуудал тулгардаг байх. Эдгээрээс нэрлэхгүй юу?

-Монгол улсад бизнесийн үзэсгэлэн зохион байгуулахад хамгийн бэрхшээлтэй асуудал бол зориулалтын танхимгүй байгаа явдал. Trade show буюу үзэсгэлэн бол бизнесийн аль ч салбарынхан худалдан авагчидтайгаа нүүр тулж уулзах, худалдан авагчийн хувьд технологитой өөрийн биеэр танилцаж, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож, зөвлөгөөг авах хамгийн чухал хамтын ажиллагааны орчин байдаг. Хот болгонд шахуу эрх биш нэг үзэсгэлэн зохион байгуулах зориулалтын танхим, худалдаа эдийн засгийн төв байдаг. Ихэвчлэн улсаас эсвэл хотын захиргаанаас хөрөнгө оруулаад, түүнийгээ үзэсгэлэн зохин байгуулагчдад түрээслээд ажиллуулж байдаг. Сум болгонд жилд 1-2 удаа ашигладаг Соёлын төв барьж, үр дүн муутай зүйлүүдэд хэдэн зуун тэрбумаар улсын төсвөөс хөрөнгө оруулдаг мөртлөө нийслэл хотдоо, бизнес эдийн засгийн төвдөө ганц зориулалтын үзэсгэлэнгийн танхим барьчихвал эдийн загийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэж боддог.

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр ямар компани ажиллаж байгаа вэ?

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр ОХУ-ын алдартай Камазын машин механизмын албан ёсны дистрибьютер “Бат сээр” компани ажиллаж байна. Мөн олон улсын эрдэс боловсруулалтын тоног төхөөрөмж нийлүүлэгч “Соёолон интернэйшнл” компани ивээн тэтгэж байна. Ивээн тэтгэгч, оролцогчдодоо талархал илэрхийлье. Та бүхний оролцоо, дэмжлэгээр бид бүхэнд хэрэгтэй бизнесийн хамтын ажиллагааны хамгийн таатай орчин бий болж байна. Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая!

Нийслэлийн 12 амбулаторид ковидоор өвдсөн  иргэдэд үзлэг хийнэ
Нийслэлийн 12 амбулаторид ковидоор өвдсөн иргэдэд үзлэг хийнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.