/2022.01.24/: Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн Ковид19-ийн шинэ хязгаарлалтын улмаас өөрийн хуримаа хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ.
Ардерн хэлэхдээ, энэ сарын эхээр хуриманд оролцохоор Окланд руу ниссэн нэг гэр бүлд омикроны есөн тохиолдол илэрсний дараа хатуу дүрэм журам шаардлагатай байна гэжээ.
Ерөнхий сайд ирэх амралтын өдрүүдэд хуримаа хийхээр төлөвлөж байсан ч ёслолын ажиллагааг хойшлуулжээ.
"Би тахлын улмаас дээрх асуудалтай тулгарсан бусад олон Шинэ Зеландчуудтай нэгдэж, халдварт өртсөн бүх хүмүүст үнэхээр харамсаж байна" гэж тэр хэлэв.
Тус улсын тахлын эсрэг хариу арга хэмжээ авах "улаан тохиргоо" нь амны хаалт зүүх, олноор цугларахыг хязгаарлах зэрэг өндөржүүлсэн арга хэмжээнүүдийг багтаасан бөгөөд хязгаарлалтууд өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ.
Хатагтай Ардерн "улаан бол хөл хорио биш" гэдгийг онцлон тэмдэглээд, бизнесүүд нээлттэй хэвээр байх бөгөөд хүмүүс гэр бүл, найз нөхөддөө зочилж, улс даяар чөлөөтэй хөдөлгөөнд оролцож болно гэж мэдэгдэв.
Ерөнхий сайд ням гарагт Веллингтон хотод сэтгүүлчдэд хэлэхдээ "Омикроны тохиолдлуудыг эрт үе шатанд шийдвэрлэх бидний төлөвлөгөө нь дельтатай ижил хэвээр байгаа бөгөөд бид тархалтыг удаашруулахын тулд тохиолдлууд болон хавьталыг хурдан шалгаж, холбоо тогтоон, тусгаарлах болно" гэж хэлэв.
Шинэ Зеланд нь омикроны дэгдэлтээс зайлсхийн үлдсэн цөөхөн орны тоонд багтаж байсан боловч өнгөрсөн долоо хоногт тус хувилбарын дамжих чадвар өндөр байсан тул уг хувилбарын халдвар дэгдэх нь гарцаагүй гэдгийг Ардерн хүлээн зөвшөөрсөн юм.
Тус улс дельта хувилбарын тархалтыг зогсоож чадсан бөгөөд өдөрт дунджаар 20 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Гэхдээ гадаад улс орноос хүмүүс тус улсад ихээр ирж байгаа ба заавал хорио цээрийн дэглэмд хамрагдах явцад омикроны халдвар илэрч байгаа ажээ.
Энэ нь хөл хорионы тогтолцоонд хүндрэл учруулж, засгийн газраас хилээ дахин нээх эсэх талаар шийдвэрлэхээр ярилцахын зэрэгцээ эх орондо буцан ирж буй иргэдийн нэвтрэх эрхийг хязгаарлахад хүргэж магадгүй байгаа нь Шинэ Зеланд руу буцаж ирэхийг хүсч буй олон хүмүүсийн уурыг хүргэж байна.
12 ба түүнээс дээш насны Шинэ Зеландчуудын 93 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан бөгөөд 52 хувь нь нэмэлт тун хийлгэсэн байна. Тус улс 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхлээд байна.
Нельсон-Марлборо мужийн гэр бүл Окландад байхдаа хурим болон бусад арга хэмжээнд оролцсон бөгөөд тэд "эдгээр арга хэмжээнд 100 гаруй хүнтэй уулзсан" гэж хатагтай Ардерн хэлэв.
"Энэ нь омикрон одоо Окландад, магадгүй өөр газар биш юмаа гэхэд Нельсон-Марлборо мужид бол дэгдсэн байгаа гэсэн үг" гэж тэр нэмж хэлэв.
ЭХ сурвалж: NBC