/2022.01.24/: Их Британийн эрүүлийг хамгаалах байгууллагын мэдэгдсэнээр сүүлийн үед коронавирусын халдварын тоо огцом өсч буй нь омикроны хувьсан өөрчлөгдсөн шинэ хувилбар байж болзошгүй гэлээ.
Энэ талаар судалгаа хийж байгаа бөгөөд одоогоор тус хувилбарын хоруу чанар болон хүний биед үзүүлэх нөлөөллийн талаар баттай хариулт хэлэх боломжгүй байна гэжээ.
“Вирус нь үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг шинж чанартай зүйл учраас цар тахал намжих хүртэл бид ахиад шинэ хувилбаруудтай учирсаар байх болов уу. Коронавирусын геномын бүтцийг бид анхааралтай судалж байгаа бөгөөд шинэ хувилбаруудыг нээн илрүүлж, тэдгээр нь өмнөх хувилбаруудаасаа онцын ялгаа, хор нөлөөтэй эсэхийг тогтмол тандаж байна” хэмээн Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын албаны КОВИД-19 тархалт судалгаа хариуцсан захирал Meera Chand өнгөрөгч Баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.
Тус байгууллагын судалгаанаас үзвэл омикроны шинэ хувилбар болох BA.2-оор өвчилсөн тохиолдол маш цөөн байгаа учир судалгааны өгөгдөл хангалтгүй байгаа юм. Тиймээс уг хувилбар нь өмнөхөөсөө хэр зэрэг хор нөлөөтэй болон хаанаас үүсэлтэй байж болох талаар хариулт өгөхөд хараахан бэлэн биш байгаа ажээ.
Одоогоор тус улсад ВА.2 хувилбараар халдварлагдсан 426 батлагдсан тохиолдол байгаа талаар тэд мэдэгдсэн ба хамгийн эхний мэдэгдэж байгаа тохиолдол нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-нд бүртгэгдсэн байж болзошгүй мэдээлэлтэй байна.
Их Британи Улс одоогоор тус хувилбарыг “судлагдаж буй хувилбар” гэхээс өөрөөр ямар нэгэн тодорхой нэршил өгч нэрлээгүй байна.
Омикрон хувилбар нь өмнөх Дельта хувилбартай харьцуулахад дэлхий даяар асар хурдтай тархаж, халдварлаж байгаа ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлтэл хүндрэх буюу нас баралтын тохиолдлоороо хавьгүй бага байгаа юм.
Энэ нь 2 жилийн турш цар тахалд нэрвэгдсэн олон улс орнуудад найдвар төрүүлж байгаа хэдий ч эрүүл мэндийн мэргэжилтнүүд шинээр гарч ирж байгаа хувилбарууд нь тооцож болшгүй эрсдэл агуулсан хэвээр байгаа учир цар тахлын аюул намжиж байна хэмээн тайвширч болохгүй гэж анхааруулсаар байна.