Хүүхэд өдөрт хэдэн цаг дэлгэц хэрэглэвэл зохистой вэ?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд өдөрт хэдэн цаг дэлгэц хэрэглэвэл зохистой вэ?

Бага насны хүүхдийн утасны хэрэглээ, дэлгэцийн донтолт их байгаагаас СЭМҮТ-д хандах хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг тус төвийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, эмч Л.Цэрэндолгортой ярилцах үеэр хэлж байлаа.

Мөн тэрбээр 0-18 насны хүүхдийн утасны зохистой хэрэглээ, хэтрүүлэн хэрэглээнээс үүдэх хор уршгийн талаар зөвлөснийг та бүхэнд хүргэе.

ДЭМБ, ОУ-ын байгууллагаас хүүхдийг дэлгэцийн донтолтоос урьдчилсан сэргийлэх маш олон зөвлөмжийг гаргасан байдаг. Үүнээс улс орнууд өөрсдийн нутаг дэвсгэр, ёс заншил, хүүхдийн онцлог байдалд тохируулж ашигладаг.

Манай улсын хувьд 0-18 насны хүүхдийн утасны зохистой хэрэглээний талаар дараах зүйлсийг зөвлөдөг. Үүнд,

0-2 ХҮРТЭЛХ НАС

0-2 хүртэл насны хүүхдэд утас, дэлгэцний төрлийн зүйл огт хэрэглүүлэхгүй байх хэрэгтэй. Энэ насандаа хүүхэд идэвхтэй харилцаанд орж, хэл яриа, харилцааныхаа суурийг тавьдаг. Энэ суурийг нь тавихын оронд дэлгэц хэрэглүүлээд байвал харилцаа үүсгэж чадахгүй хэлд орох нь оройтдог. Өөрөөр хэлбэл хэл ярианы хөгжлийн хоцрогдол бий болно гэсэн үг юм. Энэ насны хүүхэд аливаа зүйлийг барьж, амандаа хийж, үнэрлэж, амталж, нүдээрээ харж, биеэрээ мэдэрч бүх мэдрэхүйгээ зэрэг дайчилж байж тухайн зүйлээ мэдэж авдаг. Танин мэдэхүй нь ингэж хөгжих ёстой байтал зөвхөн дэлгэц хэрэглүүлээд байвал хүүхэд харж, сонсохоос өөр юу ч хийхгүй. Бусад мэдрэхүй нь хөгждөггүйгээс гадна олсон мэдсэн зүйл нь мэдлэг болж өгдөггүй. Тиймээс зөвхөн нэг, хоёрхон мэдрэхүй дээр хэт их ачаалал өгөх нь хүүхдийн хөгжлийг тушдаг.

3-6 НАС

2-оос дээш нас бол цэцэрлэгийн насны хүүхдүүд юм. Эцэг эхчүүд энэ үед нь хүүхдийнхээ насанд тохирсон контентийг богино цагаар хамт сууж байгаад үзүүлэх хэрэгтэй. Ингэхдээ хүүхэдтэйгээ харилцан яриа үүсгэж, ярилцаж үзэх юм бол энэ нь жинхэнэ зөв мэдлэг мэдээлэл, үр ашигтай хэрэглээ юм.

3-6 настай хүүхдэд хоногт 35 минутаас 1 цаг дэлгэц хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ тасралтгүй нэг цаг гэсэн үг биш юм. 2,3 удаа тасалж цагийн хуваарьтай, амралт, завсарлагаатай хэрэглүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал хүүхэд зөв дадалд суралцахаас гадна зурагт, утас үзэх гэж хорхойсоод байхгүй. Тухайн үедээ л хэрэгтэй мэдээллээ авч, үр ашигтай цагийг өнгөрүүлж сурч байна гэсэн үг юм.

Дэлгэц гэдэгт утас, компьютер, таблет, телевиз бүгд орно гэдгийг анхаарах хэрэгтэй.

7-12 НАС

7-12 хүртэлх насны хүүхдийн хувьд дээд тал нь 1 цаг 30 минут дэлгэц хэрэглэхийг зөвшөөрдөг. Хэрэв хүүхэд 2 цаг цахим хичээл үзсэн тохиолдолд нэмэлтээр дахиж дэлгэц хэрэглүүлээд хэрэггүй гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тиймээс хүүхэддээ чөлөөт цагаа өөр байдлаар өнгөрөөх нөхцөл, боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ярилцаж сонирхолд нь нийцсэн зүйлийг бий болгох.

13-18 НАС

13-18 хүртэлх насны хүүхэд дээд тал нь 2 цаг 30 минут дэлгэц хэрэглэхийг зөвлөдөг. Мөн ялгаагүй 2,3 удаа тасалж цагийн хуваарьтай, амралттай хэрэглэх хэрэгтэй.

Л.Цэрэндолгор: Мөрийтэй тоглодог залуусын ихэнх нь багадаа дэлгэцийн донтолттой байсан нь тогтоогдсон
Л.Цэрэндолгор: Мөрийтэй тоглодог залуусын ихэнх нь багадаа дэлгэцийн донтолттой байсан нь тогтоогдсон
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.