Замын-Үүд боомтоор сүүлийн 10 хоногт 9157 тонн ачаа нэвтрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүд боомтоор сүүлийн 10 хоногт 9157 тонн ачаа нэвтрүүлжээ

ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД БООМТООР СҮҮЛИЙН 10 ХОНОГТ 9157 ТОНН АЧАА НЭВТРҮҮЛЛЭЭ

/2022.01.21/: Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд мягмар, баасан гараг бүр Замын-Үүд болон бусад боомтуудын ачаа, тээврийн нөхцөл байдлыг танилцуулж байгаа билээ.

Ээлжит хэвлэлийн хурал 2022 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр болов. Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Замын-Үүд-Эрээн автозамын боомт нээгдээд 10 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд улсын хилээр нийт 418 тээврийн хэрэгслээр 549 чингэлэг ачаа буюу 9157 тонн ачаа нэвтрүүлсэн” хэмээн нөхцөл байдлыг танилцуулав.

Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар Шадар сайдын ажлын хэсэг өдөр бүр хуралдаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгч байна. Халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, коронавирусийн халдвар гарахгүй байх тохиолдолд чингэлэг тээврийг нэмэх боломжийг судалж байгаа. Дундын бүсэд ажиллаж байгаа тусгай албаны жолооч нарыг тусгаарлаж, өндөр хяналт тавин тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлж байна. Замын-Үүдэд байгаа жолооч нар хэрхэн ажиллах талаар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага их асуудаг. Жолооч нар дундын тээвэрлэлтэд хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн.

Тэд ачаа барааг Замын-Үүдээс нийслэл рүү тээвэрлэх ажилд оролцох боломжтой. Евро Ази руу тээвэрлэлт хийх боломжийг эрэлхийлж ажиллахыг Шадар сайд холбогдох газруудад даалгасан” хэмээн хэллээ. Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн “Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд Замын-Үүд боомтоор нэвтэрсэн ачаанд давхардсан тоогоор хүнс, барилгын материал, гэр ахуй, тавилга, хувцас зэрэг 504 орчим нэр төрлийн бараа багтсан” хэмээн мэдэгдлээ.

Төмөр замын тээврийн талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга Д.Батмөнх “БНХАУ-аас орж ирсэн чингэлгүүдээс өнөөдрийн байдлаар 47 чингэлгийг нь Улаанбаатар хот руу татан авсан. Өргөн царигаар Эрээн өртөөнөөс чингэлэг болон бусад ачааг татан авах, нарийн царигаар БНХАУ болон гуравдагч орон руу экспортлох чиглэлээр Хөххот болон Бээжин хотын төмөр замын холбогдох албаныхантай ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар тодорхой шийдвэр гараагүй” хэмээн хэллээ.

Ээлжит хэвлэлийн хуралд Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга Д.Батмөнх, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга О.Энхбат, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн дарга, хурандаа Н.Лхагвасайхан нар оролцлоо.

Эх сурвалж: ЗТХЯ

Их Британи ихэнх коронавирусын хязгаарлалтыг цуцална
Их Британи ихэнх коронавирусын хязгаарлалтыг цуцална
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.