/2022.01.20/: Дэлхийн уул уурхайн хоёр дахь томоохон компани “Рио Тинто” Серби улсад хэрэгжүүлэх лити, боратын Jadar төслийн анхны бүтээгдэхүүн борлуулж эхлэх хугацааг 2027 он болгож хойшлууллаа.
Энэ нь компани төслийн хугацааг дор хаяж нэг жилээр хойшлуулж байна гэсэн үг. Учир нь Сербийн иргэдийн төлөөлөл, байгаль орчны хөдөлгөөнийхөн уг төслийг хэрэгжүүлэхийн эсрэг байгаа юм. Улмаар төсөл хэрэгжих нутгийн удирдлага буюу Лозница хотын захиргаа "Рио Тинто" компанид өнгөрсөн арванхоёрдугаар сард газрын зөвшөөрөл олгохоос татгалзсан юм. Jadar төсөл нь 2.4 тэрбум ам.доллараар хэрэгжих бөгөөд “Рио Тинто” компанийг 15 жилийн хугацаанд Европт лити нийлүүлэлтээр хамгийн том тоглогч болгох ач холбогдолтой төсөл ажээ.
Иймд компанийн зүгээс цаашид нийгмийн зөвшөөрөл авахад ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай болж байна. Үүний тулд “Рио Тинто” байгаль орчны хувьд хамгийн бага нөлөөлөл үзүүлэх хувилбараар төслийг хөгжүүлэхээ нутгийн иргэдэд тайлагнаж, ойлгуулж ажиллахаа илэрхийлжээ. Ирэх дөрөвдүгээр сард Серби улсад болох сонгуулийн дараа төслийн хувь заяа шийдэгдэх дүр зураг тодорч буйг тус улсын Ерөнхий сайд мэдэгдсэн байна. Тодруулбал дөрөвдүгээр сарын 3-нд сербичүүд Ерөнхийлөгч болон парламентын гишүүдээ сонгох юм.
Хятадын зах зээлд литийн карбонатын (99.5%-ийн агуулгатай) ханш он гарсаар тонн тутамдаа 330 гаруй мянган юань болж өсөөд байгаа юм. Энэ нь литийн карбонатын зах зээл дэх шинэ дээд үзүүлэлт юм. Эрэлт асар өндөр болсон үед шууд худалдааны зах зээлд нөөц хумигдаж олдоц буурсан нь үнэ өсөхөд голлон нөлөөлжээ.
Дэлхийд цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр литийн эрэлт улам бүр нэмэгдэх нь гарцаагүй байгаа юм. Өнгөрсөн онд цахилгаан машины борлуулалт дэлхийд 160%-иар нэмэгдсэн. 2021 онд Хятадын зах зээлд уг төрлийн машины худалдаа 3.4 сая ширхэгт хүрсэн бол энэ онд 5 сая ширхэг болж өсөхөөр байгааг “TradingEconomics” мэдээлжээ.