Оюутолгойн зэс, алтны гарц 2022 онд мэдэгдэхүйц буурна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгойн зэс, алтны гарц 2022 онд мэдэгдэхүйц буурна

/2022.01.19/: “Оюутолгой”-н хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани 2021 оны үйлдвэрлэлийн тайлангаа (2022.01.17) танилцууллаа.

Өнгөрсөн онд тус компани 163 мянган тонн зэс, 468 мянган унц алт үйлдвэрлэсэн нь олборлолтын төлөвлөгөөг биелүүлсэн байна. Тодруулбал тус компани өнгөрсөн онд баяжмал дахь цэвэр металын агуулгаар 150-180 мянган тонн зэс, 400-480 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөсөн байсан юм. Хэдийгээр өнгөрсөн онд цар тахлын улмаас ажиллах хүч, бүтээмжид сөргөөр нөлөөлсөн ч үйлдвэрлэлийн зорилтоо биелүүлж ажилласныг компани онцолжээ. Гэвч цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн оны эцсийн байдлаар далд уурхайн зардал анх тооцоолсноос 175 сая ам.доллараар нэмэгджээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд далд уурхайн ажил үргэлжлэн ахисан бөгөөд гүний уурхайн огтлох малтлагыг эхлүүлэх техникийн талын нөхцөлүүд бүрэн бүрдсэн байна. Дөрөвдүгээр улиралд Агааржуулалтын хойд амны нэвтрэлтийн ажлыг өнгөрсөн аравдугаар сараас дахин эхлүүлсэн бол энэ оны нэгдүгээр улирлын эцсээр Агааржуулалтын урд амны нэвтрэлтийг хийхээр бэлтгэж байна.

Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний тухайд 2022 онд Оюутолгой уурхайгаас нийтдээ 110-150 мянган тонн зэс, 115-165 мянган унц алт үйлдвэрлэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл энэ онд зэс, алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос буурах дүр зураг тодорлоо. Учир нь уурхайн олборлолт хийгдэх хэсэгт хүдрийн агуулга доошилж буй нь голлон нөлөөлж байна. Үүнийгээ дагаад уурхайн зэс олборлолтын зардал 2022 онд нэг фунт тутамд 1.95-2.35 ам.долларт хэлбэлзэх юм байна. Өөрөөр хэлбэл олборлолтын зардал энэ онд (алтны гарц буурахтай холбоотойгоор) 2021 оныхоос өндөр байх ажээ.

2022 оны хэмжээнд үйл ажиллагааны зардал нийтдээ 800-875 сая ам.долларт хэлбэлзэхээр байна. Харин ил уурхайн тоног, төхөөрөмжийн зардалд 170-200 сая ам.доллар, далд уурхайн бүтээн байгуулалтад 1.2-1.4 тэрбум ам.доллар (НӨАТ багтсан) зарцуулах төлөв гарчээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд "Оюутолгой"-н ТУЗ 2022 оны санхүүгийн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийг баталсны дотор далд уурхайн ажилд зориулсан 780 сая ам.долларын санхүүжилт багтжээ.

“Туркойз Хилл Ресурс” далд уурхайн тогтвортой олборлолт 2023 оны эхний хагаст багтаж эхэлнэ гэж тооцоолж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр улиралд далд уурхайн олборлолтыг эхлүүлэхэд шаардлагатай ажлууд ахицтай урагшилсан гэж компани тэмдэглэжээ. Нөөцийн тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсны сацуу шинэчилсэн ТЭЗҮ-ийг хянуулахаар өргөн барьсан байна.

Компани мөн Монголын Засгийн газартай төслийг урагшлуулах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын (2021.12.30) "Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай" (103 дугаар) тогтоолын хүрээн дэх нөлөөллийг судалж үзэж байгаагаа тэмдэглэжээ. Учир нь тус тогтоолоор “Оюутолгой” ХХК-д далд уурхайн тогтвортой олборлолт эхэлтэл нэмэлт зээл авч ашиглуулахгүй байхыг Засгийн газарт даалгаад байгаа юм.

2021 оны хэмжээнд баяжуулах үйлдвэрт оруулж боловсруулсан хүдрийн хэмжээ 39.1 сая тоннд хүрсэн бөгөөд үүнд далд уурхайгаас олборлосон нэг сая тонн хүдэр багтсан байна. Баяжуулах үйлдвэрт оруулсан хүдрийн хэмжээ 2020 оныхоос ялимгүй буурсан бөгөөд үүнд ил уурхайн хүдрийн хатуулаг өндөртэй хэсэгт олборлолт таарсан нь голлон нөлөөлжээ.

Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайдын ажлаа хүлээн авлаа
Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайдын ажлаа хүлээн авлаа
 
🔴ШУУД: Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн
🔴ШУУД: Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.