/2021.12.09/ Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс гадаад харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн зарчимдаа “Монголын андгай “ЗА” буй заа” хэмээх язгуурын зарчмыг хатуу баримтална” хэмээв.
Бүх эрх мэдлийг гартаа авсан түүний хувьд нэн тэргүүнд шийдэх асуудал бол яах аргагүй Оюутолгойн гүний уурхай төсөл, түүнтэй холбоотой хэлэлцээ. Түүний хатуу баримтлах язгуурын зарчим, ЗА хэмээх андгай нь үйлдэл болох эсэх нь энэ хэлэлцээг хэрхэн шийдэхээс шалтгаалах юм.
МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ЮУ ХҮСЭЖ БАЙГАА ВЭ?
УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа. Энэ нь монголын талд ашигтай байх хувилбаруудыг Рио Тинто талаас хүлээн зөвшөөрүүлэх юм. Ингээд:
- 34 хувийн өрийг тэглэх
- Дубайн гэрээг цуцлах
- Менежментийн зардлыг хариуцахгүй байх
- Гүний уурхайг яаралтай эхлүүлэх
- Монголын талын хүртэх өгөөжийн хугацааг наашлуулах
РИО ТИНТО ЮУ ХҮСЭЖ БАЙГАА ВЭ?
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм өөрийн биеэр манай улсад айлчилсан нь сайны дохио байж болох юм. Учир нь түүнийг ирээд явснаас хойш асуудал нааштайгаар эргэх сайн мэдээ чих дэлсэж байна. Тэд юу хүсэж байгаа вэ?
- Гүний уурхайг яаралтай эхлүүлэх
- Гүний уурхайг ашиглалтад орох зардлыг батлуулахыг
- Хэлэлцээг дуусгаж, дараагийн шатны ажилдаа орохыг
- Бизнесийн үйл ажиллагаагаа явуулах хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг
ИРГЭД ЮУ ХҮСЭЖ БАЙГАА ВЭ?
Монголын мянга гаруй иргэн, мөн олон зуун аж ахуйн нэгжүүд Оюутолгой төслөөс шууд үр ашиг хүртэж байна. Мөн монголын төсөвт Оюутолгой төслийн оруулж буй хувь нэмэр их. Иргэдийн хүсэл маш энгийн.
- Оюутолгойн гүний уурхайг эхлүүлж, үр ашгаа хүртэхийг,
- Хүлээлгэнд байгаа олон зуун залуус ажлын байртай болохыг
- Засгийн газар, Рио Тинто талуудын хэлэлцээ амжилттай болж, хурдхан өндөрлөж, дараагийн ажилдаа орохыг
- Монголчууд дараа дараагийн хөрөнгө оруулалтын үүд хаалга нээгдэхийг хүсэж байна.
Дэлхийн зах зээл ч биднийг яаравчлахыг шаардаж байна. Зэсийн үнэ өсөж, таатай нөхцөл байдлууд нааштай эргэж байна. Рио Тинто группт итгэж олон сая долларын зээл өгсөн банкууд, жижиг том хувьцаа эзэмшигчид гээд дэлхий дахинд энэ төсөл эхлэхийг хүлээж буй талууд олон.
Яг энэ цаг үед МАН-ын даргаар сонгогдож, Засгийн газрыг толгойлон ажиллаж буй Л.Оюун-Эрдэнэ сайдын хүч, зангараг, андгай онох цэгтээ хүрэхийг хүлээж байна.