"LIVETV HD" телевиз болон LIVETV.MN сайтын "Fact Check" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг "Монголын хөлбөмбөгийн холбоон дахь бэлгийн хүчирхийлэл" дөрвөн цуврал эрэн сурвалжлах нэвтрүүлгийг 2019-2020 оны хооронд бэлтгэн хүргэсэн билээ.
Тэгвэл энэхүү нэвтрүүлгийн мөрөөр Франц Улсын сэтгүүлч Роман Молина бидэнтэй холбогдож, хамтран ажилласны эцэст Их Британийн алдарт "The Guardian" сонин дээр "LIVE TV"-гийн баримтыг ашигласан нийтлэл гарав. Тус нийтлэлд "Fact Check" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн дэлгэсэн баримтуудыг танилцуулан, ФИФА-гийн хариу арга хэмжээг шүүмжилжээ.
Энэхүү нийтлэлийг уншигч та бүхэнд бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
Монгол Улсад болсон бэлгийн дарамтын хэргийг ФИФА хэрхэн шийдвэрлэсэн нь шүүмжлэл дагуулав
Насанд хүрээгүй хөлбөмбөгчин охидод бэлгийн дарамт үзүүлж, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн дасгалжуулагчийн эсрэг олон улсын хэмжээнд хориг тавьсан болохыг ФИФА-гийн зүгээс олон нийтэд зарлаагүй нь ил болсны дараа тус байгууллага энэхүү хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь шүүмжлэл дагуулж байна.
Монгол Улсын хөлбөмбөгийн U-15 охидын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Бүүвэйбаатарын Учралсайхан БНСУ-д 2019 онд болсон Зүүн өмнөд Азийн хөлбөмбөгийн наадмын үеэр өсвөрийн шигшээ багийн тамирчдад бэлгийн дарамт үзүүлж, биед нь халдсан болохыг Монголын хөлбөмбөгийн холбооноос тогтоосны дараа ФИФА өнгөрсөн 8 дугаар сард түүнд хориг тавьжээ. Харин Б.Учралсайхан өөрийгөө “бэлгийн гэмт хэрэг” үйлдсэн гэдгийг үгүйсгэсэн юм.
“FIFPro” буюу Олон улсын мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос уг явдлыг шүүмжлэн, “Хувь хүмүүсийн эсрэг далд байдлаар хориг тавих нь хангалтгүй. Энэ салбарын мэргэжилтнүүд байнга клубээ сольж, өөр өөр улс оронд ажилладаг учир гэмт хэрэгтнүүд зүгээр л өөр газарт очоод ажиллах боломжтой юм. Тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд гэм буруутай хүмүүсийг нэн даруй түдгэлзүүлж, энэ тухай мэдэгдлийг олон нийтэд нээлттэй болгодог систем хэрэгтэй” гэж “The Guardian” агентлагт хэлэв.
Тус холбооноос үргэлжлүүлэн, “Хэрэв шалгалтын ажиллагааны дараа аливаа хувь хүний эсрэг хориг тавьсан бол үүнийг олон улсын хэмжээнд өргөжүүлж, бүртгэх ёстой. Тоглогч, клуб, лиг болон холбоод эдгээр бүртгэлд нэвтрэн, өөрсдийгөө болон хариуцаж байгаа хүмүүсээ хамгаалах боломжтой байх ёстой” хэмээн мэдэгдсэн юм.
ФИФА-гийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар “Ийм төрлийн хэргүүд нь ихэвчлэн гэмт хэргийн шинж чанартай байдаг тул бүх төрлийн хориг арга хэмжээг тухайн хянан шалгах байгууллагаас шууд мэдэгддэг” гэх тайлбарыг өгөв. Түүнчлэн, бие даасан ёс зүйн хорооноос гаргасан шийдвэрийг "өөрсдийн үзэмжээр мэдээлдэг" гэж нэмж хэлсэн юм.
МХБХ-ны Сахилгын хороо Б.Учралсайханыг анх 2019 оны 8 дугаар сард түдгэлзүүлэн, хөлбөмбөгтэй холбоотой бүх үйл ажиллагаанд оролцохыг хориглосон бөгөөд үүний талаар Азийн хөлбөмбөгийн холбоонд (AFC) гурван сарын дараа мэдэгджээ.
Азийн хөлбөмбөгийн холбооноос “The Guardian”-д мэдээлснээр, Б.Учралсайханы эсрэг хоригийг “ФИФА 2021 оны 8 дугаар сард дэлхий даяар болгож өргөжүүлсэн” хэдий ч “The Guardian” анх энэ талаар тодруулах үед хөлбөмбөгийн дэлхийн удирдах байгууллагын зүгээс тус хоригийн талаар огт дурдаагүй билээ.
ФИФА анхан шатны хянан шалгах ажиллагаа явуулсныхаа дараа “журмын дагуу” хэргийг Азийн хөлбөмбөгийн холбоонд шилжүүлсэн гэж мэдээлсэн. Бид тэдэнтэй дахин холбогдоход харин “Азийн хөлбөмбөгийн холбооны Сахилга, Ёс зүйн хорооноос шалгалт хийн, холбогдох шийдвэрийг гаргасны дараа хоригийг дэлхий даяар болгож сунгасан” хэмээн мэдээллийг баталсан юм.
МХБХ-ны Дэд ерөнхийлөгч Хашбатын Азжаргал анх 2019 оны 8 дугаар сард U-15 охидын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Кавамото Наокогоос захидал хүлээж авснаар Б.Учралсайханы үйлдсэн гэх гэмт хэргүүд ил болжээ. Дасгалжуулагч Кавамото Наоко тус захидалдаа Б.Учралсайхан Өмнөд Солонгост байхдаа тамирчин охидод бэлгийн дарамт үзүүлж, биед нь халдсан бөгөөд мөн үүнээс өмнө Японд байхдаа багийн гишүүдийг хүчирхийлсэн гэж бичсэн байна.
Энэ явдлаас хойш долоо хоногийн дараа МХБХ-ны тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга Өлзийхүүгийн Шижир Б.Учралсайханыг ажлаас нь чөлөөлсөн гэх ч тэрээр 2019 оны 11 дүгээр сарыг дуустал МХБХ-нд үргэлжлүүлэн ажилласаар байсан юм. Тухайн үед ФИФА-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантино МХБХ-ны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчилсан бөгөөд Б.Учралсайхан түүнтэй авхуулсан зургаа 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Фейсбүүк хуудаснаа байршуулжээ. Тэрээр уг зургийн хамт “Салбарын хамгийн том босс ирсэн, түүнтэй таван минут ярилцаж амжлаа!” гэж бичсэн байв.
Тэгвэл ФИФА-гийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар “Ерөнхийлөгч Инфантино дэлхийн өнцөг булан бүрд аялж, олон хүнтэй уулздаг. Аливаа хүнтэй хамт зураг даруулах нь тухайн хүнийг дэмжиж байгаа хэрэг биш” хэмээсэн юм.
Монголын “Live TV” суваг 2019 оны 12 дугаар сараас хойш Б.Учралсайхан болон МХБХ-нд ажиллаж байсан бусад хүний үйлдсэн гэмт хэргүүдийг дэлгэсэн эрэн сурвалжлах нэвтрүүлгүүдийг цувралаар хүргэсэн билээ. Тус телевизийн зүгээс МХБХ-г “бэлгийн дарамт, хүчирхийллийн үүр уурхай” болсон хэмээн тэмдэглэсэн юм.
МХБХ нь Б.Учралсайхантай холбогдох хэргийг тус эрэн сурвалжлах нэвтрүүлгийн эхний дугаар цацагдах хүртэл Ёс зүйн хороондоо шилжүүлээгүй гэдгээ “The Guardian” агентлагт хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ нь Б.Учралсайханыг аль хэдийн ажлаас нь халсан байсантай холбоотой гэж тус холбооны зүгээс тайлбарласан. МХБХ-ны хэвлэлийн төлөөлөгч “Ө.Шижир Б.Учралсайханы талаар дахин гомдол хүлээж авсан даруйдаа энэ хэргийг Ёс зүйн хороонд шилжүүлсэн. Ёс зүйн хороогоор асуудлыг шийдвэрлэсний дараа Х.Азжаргал U-15 ба U-17 охидын шигшээ багийн тамирчдын эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгуулж, тэднээс уучлалт гуйн, цаашид охид, эмэгтэйчүүдэд илүү их анхаарал хандуулна гэдгээ амласны эцэст талууд нэгдсэн ойлголтод хүрсэн” гэж бидэнд мэдээлсэн билээ.
Харин нэрээ нууцалсан нэгэн хохирогчийн мэдүүлснээр, Х.Азжаргал тамирчин охидыг хүчирхийллийн талаар хэнд ч юу ч хэлэхгүй байхыг анхааруулсан аж. Гэвч Х.Азжаргал үүнийг эрс үгүйсгэсэн.
Уг хохирогч “Бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийн талаар холбооноос дотоод мөрдлөгийн ажиллагаа эхлүүлсэн гэж Х.Азжаргал бидэнд хэлсэн. Тэрээр мөн биднийг энэ хэргийн талаарх нарийн ширийн зүйлийг холбооноос гадуур хэн нэгэнд ярьж болохгүй гэж анхааруулсан” гэсэн юм.
Тэгвэл Х.Азжаргал “Зөрчил гаргасан ажилтанд шууд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн. Би эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн аливаа хүчирхийллийн эсрэг бат зогсож, эмэгтэй тамирчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах болно” хэмээсэн байна.