/2021.07.20/
Долдугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнийн 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25, 26, 27 дугаар байрны урд талын сагсан бөмбөгийн талбайд хүмүүс шуугилдаад, сагс тоглоод амраахгүй байна гэх дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн албан хаагчид очиж шалгажээ.
Шалгахад 20 настай зургаан иргэн гадаа талбайд сагс тоглож байжээ. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн дуудлагын дагуу иргэдийн амгалан тайван байдлыг алдагдахаас урьдчилан сэргийлж үүссэн нөхцөл байдлыг тайлбарлаад тарах хэрэгтэй талаар хэлэхэд тэдний дунд байсан 1999 онд төрсөн иргэн Г:
- Бид яахаараа тардаг юм бэ? Зүгээр тоглож байна гэх зэргээр цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй эсэргүүцсэн байна.
Тиймээс холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авчээ. Дээрх нөхцөл байдлыг энгэрийн камерын бичлэгээр баримтжуулахын хажуугаар мэдүүлэг авч үүссэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд: “Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.