/2021.09.16/: Хятадын засгийн газар үндэсний автомашины зах зээлд Теслагийн өрсөлдөгчдийг хүчирхэгжүүлж нэгтгэхийг дэмжиж байна. Тус улсад цахилгаан машин үйлдвэрлэгч хэтэрхий олон байгаа бөгөөд зарим нь өрсөлдөх чадваргүй гэж Bloomberg Хятадын Үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Сяо Якины ярианаас иш татан бичжээ.
"Цаашид цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниуд томорч, хүчирхэгжих ёстой. Одоогийн байдлаар цахилгаан машин үйлдвэрлэгчид хэтэрхий олон боловч жижиг компаниуд байдаг. Зах зээлийн боломж бололцоог дээд зэргээр ашиглах ёстой. Үүнийг бэхжүүлэхийн тулд бид цахилгаан хөдөлгүүрийн салбарын аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх, бүтцийн өөрчлөлт хийхийг дэмжих болно" гэж сайд хэлэв.
Хятадад цахилгаан машин үйлдвэрлэгч 300 орчим бүртгэлтэй компаниуд байдаг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том цахилгаан автомашины зах зээл юм. Засгийн газар үүнийг бууруулах арга хэмжээг боловсруулж байна, учир нь бүх компаниуд үйлдвэрлэлийн байгууламжаа үр ашигтай ашиглаж чаддаггүй, угсрах шугамын ашиглалтын дундаж хувь 53 хувь байна. Компаниудыг нэгтгэх, илүү бүтээмжтэй ажиллахыг дэмжихийн тулд зохицуулагчид аж ахуйн нэгжийн ашиглалтын доод түвшинг тогтооно. Үүнд хүрч чадаагүй мужууд шинэ төслүүдийг батлах боломжгүй болно.
Хятадын автомашины салбарын хурдацтай өсөлт нь засгийн газар тусламж үзүүлдэгтэй холбоотой. Засгийн газраас иргэдэд цахилгаан машин худалдаж авахыг дэмжих зорилгоор таван тэрбум ам.доллар хуваарилжээ. Хятадын зарим бүс нутгийн эрх баригчид үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт болон бусад санхүүгийн урамшуулал санал болгодог. Гэсэн хэдий ч бүх компаниуд зах зээл дээр өрсөлдөж чадаагүй ба тэдний ихэнх нь дампуурлын ирмэг дээр байна.
Сяо Якин сайдын мэдэгдлийн дараа Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгчдийн хувьцааны үнэ буурсан байна. Хонконгийн хөрөнгийн бирж дээр Xpeng компаний хувьцаа 2.4 хувиар унаж 19.3 долларт хүрсэн бол Ли Авто компаний хувьцаа 1.4 хувиар унаж 15.1 долларт хүрчээ. Хятадын эх газрын бирж дээр BYD-ийн хувьцаа 1.6 хувиар буурч 40.5 ам.доллар болсон бол BAIC BluePark New Energy Technology компанийн хувьцаа 4.4 хувиар буурч 2.1 долларт хүрчээ.
Цахилгаан машин нь 2040 онд дэлхийн автомашины зах зээлийн гуравны хоёрыг эзлэх болно гэж Bloomberg-ийн мэргэжилтнүүд таамаглаж байна. Цахилгаан автомашины борлуулалт 2020 онд 3 сая байсан бол 2040 онд 66 сая болж өсөх гэнэ. Үүний зэрэгцээ Европ, Хятад улс энэ салбарын тэргүүлэгчид болох ажээ.
Эх сурвалж: lenta.ru