Хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

/2021.09.07/: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний Зөвлөл (парламент)-ийн Ерөнхийлөгч Вольфганг Соботкатай 2021 он 9 дүгээр сарын 6-ны өдөр уулзаж, КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн авч буй хариу арга хэмжээ, олон талт хамтын ажиллагааны механизмын ач холбогдол, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангах чиглэлээр парламент хоорондын хамтын асуудлаар санал солилцов.

Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг аль нэг улс дан ганцаар бус харин олон талт механизмаар дамжуулан нягт хамтран ажиллах нь чухал гэдгийг талууд уулзалтын үеэр онцолж байв. Мөн хоёр талын хамтын ажиллагаа улс орны хөгжил цэцэглэлтэд онцгой үүрэгтэйг талууд дурдаж, нэн ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх бүх боломжийг эрэлхийлэх, чингэхдээ хоёр улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Нийт 110 гаруй улсын Парламентын дарга нар Вена хотноо хуран цугларч буй Парламентын дарга нарын Дэлхийн V Бага хурлыг өөрийн эх орондоо зохион байгуулж буйд УИХ-ын дарга Г.Занданшатар Австрийн Үндэсний Зөвлөл Ерөнхийлөгч Вольфганг Соботкад талархан баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн тааламжтай цагт Монгол Улсад айлчлахыг урив.

Парламентын дарга нарын Бага хурлаар COVID-19 халдвартай тэмцэж буй бүх нийтийн арга хэмжээ, парламентуудын нээлттэй, ил тод, аюулгүй байдлыг хангах, парламентууд ба дэлхийн засаглал-тэдгээрийн хэрэгжүүлэх шаардлагатай хэтийн зорилтууд болон нэн ялангуяа цахим болон цахим бус орчинд худал мэдээлэл түгээх, хүний нэр хүндийг гутаах, үзэн ядах үг хэллэг тараахтай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар оролцов.

Манай Улс Австри Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Австри Улс нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхдагч орнуудын нэг юм.

Эх сурвалж: ГХЯ

Налайх дүүргийн 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо
Налайх дүүргийн 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.