/2021.09.06/ Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон 274 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид Налайх, Багахангай дүүргийн боловсролын салбарын ажилтан, алба хаагчидтай уулзжээ.
Налайх дүүрэгт ерөнхий боловсролын хамран сургалт 98 хувьтай байна.
Энэ хичээлийн жилд улсын төсвөөр 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 70 хувьд хүрчээ.
Налайх дүүргийн алслагдсан 1, 7 дугаар хорооны 400 гаруй хүүхдүүд өөр хорооны цэцэрлэгт хуваарилагдан хамрагддаг байсан бол тус цэцэрлэг ашиглалтад орсноор энэ хичээлийн жилд 4-5 насны 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.
Багахангай дүүргийн хувьд ерөнхий боловсролын 1 сургуульд 743 сурагч, 3 цэцэрлэгт 320 хүүхэд сурч байгаа бөгөөд ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамран сургалт тус бүр 100 хувьд хүрээд байгаа аж.
Цаашид бүтэц орон тоог нэмэгдүүлэх, багш нарыг хөнгөлөлттэй орон сууцны хөтөлбөрт хамруулах, 1980 онд баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгыг шинэчлэх шаардлагатай байгааг тус дүүргийн удирдлагууд хэллээ.
Эх сурвалж: zasag.mn