/2023.04.27/: УИХ-ын дарга Г.Занданшатар Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд болон нийслэлээс сонгогдсон гишүүдэд инфляцийн нөхцөл байдлыг судалж, хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах үүрэг чиглэл өглөө.
Хэдийгээр инфляцийн эрчим бага зэрэг саарч байгаа боловч иргэдээс ирж буй санал гомдол, нийгмийн судалгааны дүнгээр иргэдийн амжиргаанд нөлөөлж буй гол санаа зовоосон асуудлаар үнийн өсөлтийг нэрлэж байна.
Иймд өнгөрсөн онд батлагдсан Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах зорилгоор нэр бүхий УИХ-ын гишүүдийг амралтын өдрүүдээр зах, худалдааны төвүүдэд ажиллаж, мэдээлэл танилцуулах үүрэг чиглэл өглөө. Мөн эмч, багш нар, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх зорилгоор үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах үүрэг чиглэл өгөв.