/2023.04.27/: АНУ болон Өмнөд Солонгос Хойд Солонгосын цөмийн аюулыг сөрөн зогсох чухал гэрээ байгууллаа.
Вашингтон АНУ-ын цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцуудыг Өмнөд Солонгост байрлуулж, Сөүл хотыг цөмийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд татан оролцуулахаар тохиролцжээ. Хариуд нь Өмнөд Солонгос цөмийн зэвсэг бүтээхгүй байхаар тохиролцсон байна.
Вашингтоны байгуулсан энэхүү тунхаг нь Хойд Солонгосын довтолгоог таслан зогсооход холбоотнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв.
Пхеньян Өмнөд Солонгосыг онилох чадвартай тактикийн цөмийн зэвсгээ хөгжүүлж, АНУ-ын эх газарт хүрэх алсын тусгалын зэвсгээ боловсронгуй болгож байна.
АНУ өмнө нь Өмнөд Солонгосыг хамгаалах гэрээний үүрэг хүлээсэн бөгөөд шаардлагатай бол цөмийн зэвсэг ашиглахаа амлаж байсан. Гэвч Өмнөд Солонгосын зарим иргэд энэ амлалтад эргэлзэж, өөрийн гэсэн цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг уриалж эхэлсэн юм.
Цагаан ордонд төрийн айлчлал хийхээр ирсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол хэлэхдээ, "Вашингтоны тунхаглал нь АНУ-ын батлан хамгаалах хүчээ нэмэгдүүлэх, дайралтаас сэргийлэх, АНУ-ын холбоотнуудаа цөмийн зэвсэг ашиглан хамгаалах "урьд өмнө байгаагүй" амлалтыг илэрхийлж байна" гэв.
Хэлэлцээрийн дагуу АНУ сүүлийн дөрвөн жилд анх удаа цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцыг бусад стратегийн хөрөнгө, тэр дундаа цөмийн бөмбөгдөгч онгоцнуудын хамт илгээхээр болжээ.
Мөн хоёр тал цөмийн төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэх Цөмийн зөвлөлдөх хэсэг байгуулах аж.
Эх сурвалж: ВВС