/2023.04.27/: Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), НЗДТГ-аас хамтран "Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо" сэдэвт цуврал уулзалтыг нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд тус уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй холбогдох албаныхан оролцож, Монгол Улсын Засгийн газар, ЦХХХЯ, НЗДТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал "Шилэн төр, цахим шилжилт”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн онцлох ажлуудаа танилцуулав. Тэрбээр “Залуу төрийн албан хаагчид та бүхнийг ирээдүйд хардалт сэрдэлтгүй, тайвнаар ажлаа хийгээсэй гэж хүсэж байна. Төрийн ажил, үйлчилгээ технологид суурилсан, ил тод, шилэн болчихвол ямар ч өндөр албан тушаалтан жирийн албан хаагчийн ажилд нөлөөлж чадахгүй болно. Энэ боломжийг бүрдүүлэхээр “Шил” ажиллагааг эрчимжүүлж байгаа.
Өнгөрсөн долоо хоногийн тухайд төрийн өмчийн байрнуудын түрээсийн орлого, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлийн мэдээлэл, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл, ТУЗ-ийн гишүүдийн нэрс болон цалинг ил болгосон. Хотын даргын зүгээс газрын харилцаатай холбоотой мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй болгохоор зорьж байгаа. Энэ бол тун чухал ажил. Өнгөрсөн 30 жилд төлөвлөлтгүй хийсэн газар олголтыг ил тод болгоно гэсэн үг. Хан-Уул дүүргийн хувьд ч газар олголттой холбоотой мэдээллээ ил тод болгож, “Шилэн” төрийг хамтдаа бий болгоосой гэж хүсэж байна.
Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. 300-400 мянган хүн амтай дүүргийг 30, 40 мянган оршин суугчтай сумтай жиших боломжгүй. Ийм харьцангуй тогтолцоотой байхад иргэдэд төрийн үйлчилгээг ижил тэгш, хурдан шуурхай хүргэх боломжгүй” хэмээн ярьсан юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Улаанбаатар хотын, эсвэл аль нэг аймгийн, дүүргийн цахим шилжилт гэж тусдаа байж болохгүй. Нэгдсэн байдлаар цахим шилжилтийг хийж, нэг зүгт харж ажиллах хэрэгтэй. Улаанбаатар хотын зүгээс ч энэ ажилд идэвхтэй оролцож байгаа. Тухайлбал, цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар хийх боломжийг бүрдүүлсэн.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын өргөдөл гомдол, албан бичгийг цахимаар шийдэх ERP систем, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн Smart car систем, хэсгийн ахлагч нарын ажлыг хөнгөвчлөх Digital city систем, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар илгээх Онлайн бизнес төв систем, өрхийн эмнэлгийн цаг захиалах систем зэргийг цахим шилжилтийн хүрээнд хөгжүүлэн ажиллаж байна” хэмээлээ.
Хүнд сурталгүй, ил тод, авлигагүй төрийг төлөвшүүлэх нь цахим шилжилтийн гол зорилго бөгөөд дүүрэг бүрд ийнхүү цуврал уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Төрийн албыг танил талаас ангид, хүнд сурталгүй болгох хэрэгтэй. Над дээр орж ирсэн хүн бүр газар хүсэж байна. Гэтэл би газар олгодог хүн биш шүү дээ. Энэ байдлыг халах зорилгоор Хотын дарга, нийслэлийн удирдлагуудын зүгээс газрын харилцаатай холбоотой мэдээллийг нийтэд ил тод болгож, Газрын бирж байгуулах санаачилгыг гаргаад байна. Иргэн газар авахдаа хэн нэгний гарын үсгийг царайчилж, цаг наргүй хүлээж суудаг тогтолцоог хална. Үүнийг дагаад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид өөрчлөлт оруулах хэрэгтэй. Төрд нүсэр бүтэц хэрэггүй. Тиймээс цахим шилжилтийг салбар бүрд хийх ёстой” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ