/2023.03.31/ Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд хийж буй ажил, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өгөв.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 82 хувьтай байгааг танилцууллаа. Тухайлбал, гэрэлтүүлгийг шинэчлэх, дэд бүтцийг өргөжүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн есөн дүүрэгт тавих, шинэчлэх шаардлагатай гэрэлтүүлгийн судалгааг эхний байдлаар гаргасан байна. Харанхуй гудамж, зам талбайд шинээр 3070 гэрэлтүүлэг хийх, тусгал муу болон шинэчлэх шаардлагатай 10,743 гэрэлтүүлгийн толгой, ашиглалтын шаардлага хангахгүй зэвэрч муудсан 1420 гэрэлтүүлгийн шонг солих шаардлагатай байгааг судалгаанд онцолжээ.
Мөн нөөцийн мах худалдан борлуулж буй 387 хүнсний дэлгүүрт цахим татварын тайлан гаргах, и-баримт хэвлэх, ПОС машины системийг тохируулах, худалдан борлуулагчдын гаргадаг нийтлэг алдаа, бар код авч баталгаажуулах талаар заавар, зөвлөгөө өгч ажиллав.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлалтай Ногоон нуурын сувагт явган хүний гүүрэн дээгүүр ус хальж урссан дуудлагын дагуу 6.4 шоо метр суваг гар ажиллагаагаар татан, 175 шоо метр суваг механизмаар татан арга хэмжээ авсан байна. Мөн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Дэнжийн 1000-д нэгдүгээр сувгийн халиа үүссэн хэсэгт 188 шоо метр суваг механизмаар, гаргалгаа хэсэгт 18 шоо метр мөс гараар ухан, 500 кг давс хийж ажиллалаа.
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч нийтийн үйлчилгээний мэдээллийг танилцууллаа.
Өнгөрөгч 14 хоногийн байдлаар тус төвд нийт 1339 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс бүртгэсэн гомдлын тоо 138, зөвлөгөө мэдээлэл өгсөн 640, бүрэлдэхүүн байгууллагуудын мэдээлэл 530, зохицуулалт хийсэн ажил зургаа, олон нийтийн сүлжээгээр ирсэн 23 гомдол байсныг тэрбээр танилцууллаа. Бүртгэсэн гомдол, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найман хувиар, өнгөрсөн 14 хоногийн байдалтай харьцуулахад 1.43 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байжээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгавруудыг өглөө. Тодруулбал,
- Инженерийн шугам сүлжээний үзлэгийн болон эргэлтийн худгийг тагжуулах, түвшин тааруулах, аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах.
- 2022 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд аваарын нөхцөл байдлын хүрээнд авто зам сэтэлж сүвлэсэн байршлуудын нөхөн сэргээлтийг бүрэн, чанартай хийлгүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.
- Зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн авто зам, явган зам сэтэлж, ногоон байгууламж, эд хөрөнгө эвдэн сүйтгэхгүй байхад анхаарах.
- Нийслэлд ашиглалтад байгаа 8600 орчим орон сууцны лифтийг “UB инженеринг” нэгдсэн системд бүртгэлжүүлэх, QR коджуулах хүрээнд лифтнүүдийн бүртгэл судалгаа болон ашиглалт, техник үйлчилгээ хариуцсан байгууллагуудын мэдээллийн санг нэгтгэх.
- 2023 оны дөрөвдүгээр сарын 14-нд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах.
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг мананцартай усаар угаах, чийгшүүлэх, явган замыг саарал усаар угаах, гуу жалгыг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах.
- “Манай хороо-Миний гудамж” аяны ажлыг эрчимжүүлэх.
- Дүүргийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж, мод сөөгийг цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн, туршлагатай байгууллагаар хэлбэржүүлэх.
- Хариуцсан гудамж, цэцэрлэгийн ногоон байгууламжийн зүлэгт талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага засварлах, шинэчлэх угаах ажлыг зохион байгуулах.