/2023.03.31/: Дэлхийн эмч нарын өдөрт зориулан зохион байгуулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн үйл ажиллагаанд хот хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 800 шахам хүн урилгаар оролцсон бөгөөд хүндэт зочдоор Хөдөлмөрийн баатар, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, профессор П.Нямдаваа тэргүүтэй үе үеийн Эрүүл мэндийн сайдууд, ХӨСҮТ-ийн тархвар судлалын зөвлөх эмч, клиникийн профессор М.Цолмон нарын Ковид-19 цар тахлын үед тэргүүн эгнээнд зүтгэсэн эмч мэргэжилтнүүд, шуурхай удирдлагаар ханган эрүүл мэндийн салбарынхантай хамтран зүтгэсэн УОК-ынхон, ардын болон гавьяат цолтой эмч нар гээд олон хүнйиг урьсан.
Түүнчлэн УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Б.Бейсен, Ц.Туваан, Ж.Чинбүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн төлөөлөл энэ арга хэмжээг хүндэтгэн оролцож, эмч нарт талархал илэрхийлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг зөвлөх Т.Мөнхсайхан, УИХ-ын даргын илгээлтийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин гишүүн эмч нарт хүргэсэн.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож буй зочид төлөөлөгчдөд хандан хэлсэн талархлын үгэндээ эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлууд, авч буй арга хэмжээ, баримталж буй бодлогынхоо талаар товч танилцуулсан юм.
Тэрбээр эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчинг шинэчлэх, гүйцэтгэлийн санхүүжилтийг боловсронгуй болгох, салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, эмийн чанарыг сайжруулах, үнийн зохицуулалт хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар тулгамдаж буй асуудлуудыг товч тодорхойлоод эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажиллагсдын нийгмийн баталгааг хангах үүднээс дараах ажлуудыг хийж эхлээд байгаагаа дуулгалаа. Тухайлбал,
-Гүйцэтгэлийн санхүүжилтээр ялгавартай олгогдож байгаа цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлогын тохируулгуудыг хийж үндсэн цалинг нэмэгдүүлэхээр ХНХЯ-ны газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан цалин хөлс нэмэгдүүлэх, судалгаа тооцоолол гаргах ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд орон нутаг, сум, тосгоны ЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтний цалинг 30 хувиар нэмэгдүүлнэ.
-Нийгмийн баталгааг хангах үүднээс эмч, эмнэлгийн ажилтнуудыг ипотекийн зээлээр орон сууцжуулах гэрээг Худалдаа хөгжлийн банктай байгуулахаар болсон.
-Ур чадварыг үнэлэх, урамшуулах журмыг шинэчлэн баталж байна.
-Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хариуцлагын даатгал, эрсдлийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажлын хэсэг байгуулан хууль өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд байна.
-Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрхийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлд орохоос сэргийлсэн эрх зүйн зохицуулалтуудыг хийхээр ажиллаж байна гэсэн юм.
Эрүүл мэндийн сайдыг үг хэлсний дараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудыг төлөөлж ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантэ мэндчилгээ дэвшүүллээ.
“Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож буй эмч нарыг төлөөлж нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээг зохион байгуулахад биечлэн оролцож, мэргэжлийн чиглэлээр бусад эмч нарт үлгэр дууриалал болсон ахмадуудын төлөөлөл ХӨСҮТ-ийн тархвар судлагч, тархвар судлалын зөвлөх эмч М.Цолмон, их эмчийн ажлын гараагаа анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас эхлэн тав дахь жилдээ ажиллаж буй залуу эмч нарын төлөөлөл Төв аймгийн Сүмбэр сумын ЭМТ-ийн дарга П.Идэрцогт нар үг хэлсэн юм.
Эх сурвалж: ЭМЯ