/2023.03.30/: Технологийн салбарын томоохон төлөөлөгчдийн зарим нь "нийгэм, хүн төрөлхтөнд нөхөж баршгүй аюул учруулна" гэх үндэслэлээр хамгийн хүчирхэг хиймэл оюун ухааны системийг хөгжүүлэхээ ядаж зургаан сарын турш зогсоохыг уриаллаа.
Элон Маскийн дэмжлэгтэй ашгийн бус байгууллага болох "Амьдралын ирээдүй" хүрээлэнгээс нийтэлсэн нийтлэлийг дэмжин гарын үсэг зурсан олон арван технологийн удирдагч, профессор, судлаачдын дунд Элон Маск байсан юм.
Эдгээр эрхмүүд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг тэдэнд зориулсан аюулгүй байдлын протоколуудыг боловсруулж дуустал зогсоохыг нийтлэлээр дамжуулан хүссэн байна.
Тус нийтлэлд "Дэвшилтэт хиймэл оюун ухаан нь дэлхий дээрх амьдралд түүхэн өөрчлөлтийг авчрах томоохон үйл явдал бөгөөд үүнийг цаашид хянах, зайлшгүй үед хэрэгжүүлэх төлөвлөгөө зэргийг боловсруулсны дараа хөгжүүлэх шаардлагатай. Гэтэл харамсалтай нь одоогийн нөхцөл байдалд хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй хүчирхэг хиймэл оюун ухааныг хөгжүүлэхээр хоорондоо уралдаж байна" гэжээ.
Хэрэв түр зогсолтыг удахгүй хийхгүй бол засгийн газрууд оролцож, мораторий /хойшлуулах/ тогтоох хэрэгтэй гэж захидалд дурджээ.
Хамгийн сүүлд шуугиан тариад байгаа OpenAI GPT-4 гэх хиймэл оюун ухаан нь шүүхэд нэхэмжлэл гаргах, томоохон их сургуулиудын шалгалтыг өгөх, гараар зурсан ноорогоос ажлын вэбсайт бүтээх зэрэг дараагийн шатны үйлдлүүдийг түүртэлгүй хийж чадаж байгаа юм.
Өнгөрсөн оны сүүлээр ChatGPT олны анхаарлыг татсан нь технологийн компаниудын дунд ижил төстэй хиймэл оюун ухааны хэрэгслийг боловсруулж, бүтээгдэхүүндээ байрлуулах, зэвсэгт ашиглах хоорондын өрсөлдөөнийг сэргээсэн юм. OpenAI, Microsoft, Google нар энэ чиг хандлагын тэргүүн эгнээнд явж байгаа ч IBM, Amazon, Baidu, Tencent нар ижил төстэй технологи дээр ажиллаж байна.
Эх сурвалж: CNN