/2023.03.22/: Boston Dynamics-ийн бүтээсэн Атлас робот нь одоо гүйж, үсэрч, хүнд зүйл өргөж, шидэж чаддаг болсон бөгөөд үйлдвэр, барилгын талбай дээр хүмүүст туслах нарийн төвөгтэй хөдөлгөөнүүдийг хийж чадхаар болжээ.
Саяхан гарсан "Атласын туршилтын" видео бичлэг дээр уг робот олон давхар барилгын тавцангийн орой дээр хүлээж байгаа ажилчин руу цүнхтэй багаж шидэж байгаа нь гардаг.
Шинэ видеон дээр Атлас зөвхөн багажны цүнх төдийгүй том модон банз авч, шатаар гүйж, тавцан хооронд үсэрч, том модон хайрцгийг тавцангаас түлхэж, тэнцвэрээ алдалгүйгээр эргэлдэх хөдөлгөөнийг хийж чадаж байна.
Бостон Динамикс онцлон тэмдэглэснээр, роботын хувьд эдгээр манипуляцийн ажлыг гүйцэтгэх нь бүжиглэхээс илүүтэйгээр хүрээлэн буй орчныхоо талаар илүү нарийн ойлголттой байхыг шаарддаг бөгөөд робот нь хүрээлэн буй орчныг мэдрэх чадвар муу байдаг аж.
Атлас нь 1.52 метр өндөр, 86 кг жинтэй бөгөөд 28 гидравлик холбоос, гурван самбарт компьютер, мөн хөдөлгөөн хийхэд зориулагдсан зайгаар ажилладаг цахилгаан мотортой аж.
Boston Dynamics-ийн хэлснээр налуу эргэлдэх хөдөлгөөн нь урьд өмнө хийж байсан паркурын хөдөлгөөнөөс хамаагүй хэцүү байдаг бөгөөд учир нь мушгиралт нь ердийн арын эргэлтэнд байдаггүй тэгш бус байдлыг үүсгэдэг гэв.
"Бид роботын бараг бүх үе мөчийг ашиглаж байна" гэж Атлас хяналтын багийн программ хангамжийн инженер Робин Дейтс компанийн блогтоо бичжээ.
Boston Dynamics компанийн дөрвөн хөлт Spot роботоос ялгаатай нь Атласыг худалдаанд гаргах боломжгүй. Энэ бол роботуудын гүйцэтгэж чадах техникийн хязгаарыг даван туулах зорилготой судалгааны загвар юм.