/2023.03.13/: Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Сенатын Тагнуулын асуудал эрхэлсэн байнгын хорооны хуралдаан болж өнгөрлөө.
Уг хуралдаан дээр Холбооны мөрдөх товчооны дарга Крис Врэе мэдээлэл хийхдээ Хятадын засгийн газар болон TikTok аппликэйшнийн эзэмшигч ByteDance компани нь онцгой нягт харилцаатай учраас Хятадууд уг аппликэйшнээр дамжуулан олон сая гар утас, ухаалаг төхөөрөмжийн программыг хянах боломжтой гэжээ.
Чухам энэ сэжиг таамгаас болоод АНУ-ын Конгресс болон Европын орнуудын парламентад TikTok-ийг хэрэглэгчдийн төхөөрөмжөөс устгах, ялангуяа төрийн албан хаагчдын гар утаснаас устгах тухай тусгайлсан хуулийн төслүүд өргөн баригдаж, анхаарлын төвд ороод байгаа юм.
Дээр дурдсан хуралдааны үеэр Флорида мужийн Сенатор Марк Рубио
-Хэрэв ByteDance компанийн АНУ дахь салбар нэгж болох ByteDance U.S. компани руу Хятадын засгийн газраас хандаж, хамтран ажиллах хүсэлт эсвэл шаардлага тавибал тус компани хамтран ажиллаж, АНУ-ын хэрэглэгчдийн төхөөрөмжийг хянах, удирдах боломжтой гэсэн үг үү?” гэж асуухад Холбооны мөрдөх товчооны дарга Врэе “Тийм” гэсэн хариулт өгчээ.
Мөн тэрээр ByteDance U.S. компани нь TikTok хэрэглэгчдийн гар утас, ухаалаг төхөөрөмжийг хянаж байсан нотлох баримт байгаа. АНУ-д хувийн компани болон засгийн газар хоорондоо хамтран ажиллахдаа тодорхой хил хязгаар, заагт захирагддаг бол Хятадын Коммунист нам болон Хятад компаниудын хооронд тийм зааг шугам гэж огт байхгүй тул эрх баригчид бүх үйл ажиллагаанд нь дураараа оролцох боломжтой гэсэн байна.
Сенатор Марк Рубио:
-Хэрэв нэгэнт төхөөрөмжид нөлөөлөх, удирдах боломж байгаа бол Хятадууд манай иргэдийг аливаа нэг сэдвээр хооронд нь талцуулах боломжтой юу” гэж асуугаад, сүүлийн үед TikTok дээр Тайванийн хараат бус бие даасан байдлыг хамгаалж буй АНУ-ын засгийн газрын эсрэг байр суурьтай байгаа иргэдийн видео бичлэг мэр сэр үзэгдэх болсон талаар иш татжээ.
Нөгөө талын өгч буй тайлбарыг үзвэл ByteDance компани нь өөрсдийгөө Хятадад үйл ажиллагаа явуулдаггүй гэж мэдэгддэг бөгөөд Хятадын хэрэглэгчдэд TikTok-ийн дотоодын хувилбар болох Douyin нэртэй аппликэйшнийг санал болгодог аж. Гэвч Вашингтон Пост-ын мэдээлснээр Хятадын засгийн газар ByteDance компанийн Хятад дахь салбарын хувьцааны 1 хувийг эзэмшдэг, тэр ч бүү хэл дотоод салбарынх нь удирдах зөвлөлийн гурван гишүүний нэгийг томилдог гэнэ.
ХМТ-ны дарга Врэе өнгөрсөн оны 12 дугаар сард энэ талаар анх анхааруулга гаргаж, TikTok аппликэйшний ‘Recommended’ буюу “Санал болгох” гэсэн үйлдлийг Хятадын эрх баригчид хянаж, хэрэглэгчдэд нөлөөлөх, тэднийг далдуур удирдан чиглүүлэх агуулгатай контентуудыг ихээр оруулж байна гэж мэдэгдэж байсан билээ.
Холбооны мөрдөх товчооноос гадна технологийн шинжээчид, сэтгүүлч нар ч энэ сэдвээр байр сууриа илэрхийлж, Хятадын компаниуд засгийн газартаа хүссэн мэдээллийг нь гаргаж өгдөг учраас TikTok үйлчилгээ нь АНУ-ын хэрэглэгчдийн өгөгдлийг эрсдэлд оруулж байна гэж байсны нэг нь Axios.com сайтын Скотт Розенберг, Сара Фишер нар юм.
Үүнээс болоод TikTok АНУ дахь хэрэглэгчдийн өгөгдлийг өөр улсад биш харин АНУ-д хадгалах амлалт өгч, Oracle компанитай хамтын ажиллагаа эхлүүлсэн байдаг.
Гэвч АНУ-ын хууль хяналтын байгууллагынхан TikTok-т бүрэн итгэхгүй байгаа нь хэрэглэгчдийн өгөгдлөөс гадна тус аппликэйшн нь урьд нь хүүхдүүдийн мэдээллийн аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байсан асуудал гаргаж байсан зэрэг асуудлуудтай холбоотой юм.
Эх сурвалж: axios