/2023.03.13/: Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард төлөвлөгөөт бус 44 удаагийн хяналт шалгалт явуулж, 95 гадаадын иргэн, 143 уригч байгууллага, 3 уригч иргэнд нийт 72,350,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
Эдгээр зөрчил гаргасан иргэдийн дийлэнх нь визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, мөн нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журмыг зөрчсөн байна.
Түүнчлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.11, 37.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн 3 улсын 6 иргэнийг албадан гаргасан байна.
Тодруулбал, дээрх иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа.
Эх сурвалж: ГИХГ