/2023.03.13/: Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австрали Улсын Сидней хотод ажиллах үеэрээ Шинэ Өмнөд Уэльс мужийн Техник, мэргэжлийн боловсролын сургуульд зочиллоо.
Тус сургууль нь 1833 онд байгуулагдсан бөгөөд 2017 оноос мужийн хэмжээн дэх 130 кампусыг нэгтгэн үйл ажиллагаагаа өргөжүүлээд байгаа аж.
Шинэ Өмнөд Уэльс мужийн Техник, мэргэжлийн боловсролын сургуульд ажиллах үеэрээ салбарын сайд тус сургуулийн захирал Вик Нэидоо тэргүүтэй удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарын бодлого, түүний дотор тус салбарт хийж буй өөрчлөлтийн талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Шинэ Өмнөд Уэльс мужийн Техник, мэргэжлийн боловсролын сургуулийн удирдлагууд манай талтай 2+1 хөтөлбөр хэрэгжүүлэн Монгол оюутнуудыг сургах, мөн англи хэлний сургалт явуулах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Уулзалтын үеэр тус сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан багш, оюутан солилцохоор тохиролцов. Энэ нь мэргэжлийн боловсролын салбарт эхлүүлж байгаа оюутан солилцооны цоо шинэ гарц юм.
Эх сурвалж: БШУЯ