Фэйсбүүк хэрэглэдэг бол та уг аппликэйшн таны утасны микрофоныг ашиглан, яриаг чинь нууцаар чагнаж, олж авсан мэдээллээ зар сурталчилгааны оновчлолдоо ашигладаг гэдэг цуу яриаг сонссон л байлгүй.
Фэйсбүүкийн зүгээс энэ яриаг үгүйсгэхийн зэрэгцээ, үнэхээр ийм тагнаж чагнах ажиллагаа явагддагийг нотлох баримт олдохгүй байгаа хэдий ч та юмыг яаж мэдэхэв гэж бодож байгаа бол утасныхаа тохиргоо руу орж, Фэйсбүүкт утасны микрофон ашиглах эрхийг өгөхгүй байхад болох юм.
Фэйсбүүк тагнаж чагнах асуудлаар ямар байр суурь илэрхийлэв?
Хэрэглэгчдийн утасны микрофоны ашиглан, яриаг нь нууцаар сонсож, ярилцсан зүйлийг нь зар сурталчилгаа болгон харуулдаг гэх яриаг Фэйсбүүкийн зүгээс ямагт үгүйсгэж ирсэн. 2016 онд энэ сэдэв эрчээ авч байх үеэр тус компани ийм мэдэгдэл гаргаж байлаа.
“Фэйсбүүк хэрэглэгдийн News Feed дээр зар сурталчилгаа гаргаж ирэх зорилгоор утасны микрофоныг ашигладаггүй болно. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр биднийг хэрэглэгчдийн утсыг чагнаж, улмаар ярьж буй зүйлийнх нь талаарх сурталчилгааг удалгүй харуулдаг гэх зэргээр бичсэн нь ор үндэсгүй ташаа мэдээлэл юм. Бид зар сурталчилгааг харуулахдаа хэрэглэгчдийн сонирхол болон профайл дахь мэдээлэлд тулгуурлан сонгодог болохоос та бүгдийн ярьж буй зүйлийг замаас нь чагнаад сурталчилгаанд ашигладаггүй” гэжээ.
Мөн тус компани өгсөн мэдээлэлдээ “Фэйсбүүк зөвхөн микрофон ашиглах шаардлагатай тохиолдолд, тухайлбал, аудио болон видео бичлэг хийх гэх мэт ховор тохиолдолд л гар утасны микрофонд хандах зөвшөөрлийг хэрэглэгчээс авсны үндсэн дээр ашигладаг. Фэйсбүүкийн одоогийн ашиглаж буй хэрэглэгчийн үйлдлийг бүртгэж хадгалах функц нь тухайн хэрэглэгчид тохирсон зар сурталчилгаа үзүүлдэг онцлогтойг манай хэрэглэгчид ташаа ойлгосон байх магадлалтай юм.
Хэрэглэгчийн гар утасны микрофоныг зөвшөөрөлгүй ашиглах нь Фэйсбүүк компанийн зүгээс хууль зөрчсөн үйлдэл болох төдийгүй Apple, Google компаниудын үйлчилгээний дүрэм журмыг зөрчсөнд тооцогдох тул Фэйсбүүк өөрийгөө тийм таагүй байдалд оруулахгүй нь тодорхой билээ” гэсэн байна.
Гэсэн ч дээрх мэдээлэлд та итгэхгүй байгаа бол ялимгүй хүчин чармайлт гаргаснаар Фэйсбүүкийн гар утасны микрофонд хандах эрхийг хаах боломжтой юм. Гэхдээ та энэ эрхийг хааж цуцалсан тохиолдолд зайлшгүй микрофон ашиглахаас шаардлагатай байдаг дуут болон дүрст дуудлага, Фэйсбүүк лайв зэрэг үйлдлийг нээх боломжгүй болно гэдгийг санаарай.
iPhone гар утасны микрофонд хандах Фэйсбүүкийн эрхийг хэрхэн хаах вэ?
- Settings аппликэйшнийг нээж, гар утсанд суулгасан аппликэйшний жагсаалт руу орно.
- Facebook-ийг сонгоно.
- Микрофон гэсний харалдаа байгаа товчийг хажуу тийш нь гулгуулж, микрофоныг хаана.
Андройд утасны микрофоныг ашиглах Фэйсбүүкийн эрхийиг яаж цуцлах вэ?
- Settings аппликэйшн рүү ороод, хайлт хэсэгт “permission” гэж бичээд хайна.
- Хайлтын илэрц дундаас “Permission manager”-ийг сонгоно.
- Зөвшөөрлийн жагсаалт дундаас “Microphone”-ийг олж дарна.
- Мөн жагсаалтаас Facebook-ийг олж, микрофоны эрхийг Deny төлөвт шилжүүлнэ.