/2023.01.25/ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр:
-Өчигдрөөс эхлэн шинэ Үндсэн хуулийн талаарх асуудал нэлээд яригдаж байна. Ер нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал яригдах бүрт "Дахин шинээр хийх ёстой, нэмэлт өөрчлөлт оруулах ёстой" гэсэн асуудлыг хөнддөг. Ялангуяа ардчилсан үндсэн хуулийг баталсан ахмадуудын зүгээс тухайн үеийн хоёр танхимтай парламентын тогтолцоо руугаа эргэн орох ёстой гэж ярьдаг. Мөн зарим улс төр судлаачид, улс төрийн намын зүгээс тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гэж байр сууриа илэрхийлж байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 гаруй төрлийн шинэ Үндсэн хуулийг санаачилж, бичиж байсан юм байна лээ. Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын зүгээс шинээр Үндсэн хууль бичих санаархал гаргаагүй. Улс төрийн намууд, судлаачдын зүгээс Ерөнхий сайд болон бусад холбогдох албан тушаалтнуудад санал хүсэлт тавьж, улмаар ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Үндсэн хуулийг биччихлээ гээд шууд батална гэсэн үг биш. Батлах эсэхийг нь монголын нийт ард түмэн шийднэ. Үүнийг одоо хэрэгжиж байгаа хуульд маш тодорхой заасан байгаа.
Яг өнөөгийн нөхцөл байдалд Шинээр Үндсэн хууль бичээд батална гэдэг эргэлзээтэй. Учир нь шинэ хууль боловсрууллаа гэхэд заалт тус бүрийг нь ярилцах хэрэгтэй болно. Богино хугацаанд хийх зүйл биш гэдгийг судлаачид хэлсээр байгаа. Шинээр Үндсэн хууль бичиж, батлагдах хүртэл дор хаяж 2-3 жилийн хугацаа шаардагдана.