/2021.08.27/: Монгол Улсын Их Хурал дотоодын болон гадаадын кино үйлдвэрлэгч студи, телевизийн кино үйлдвэрлэл эрхлэгчдийг Монгол Улсыг зорих шалтгаан болохуйц Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан.
Хуульд кино урлаг өндөр хөгжсөн улс орнуудын шилдэг туршлагаас суулгасан. Тухайлбал, тодорхой шаардлага хангасан уран бүтээлчдэд зардлын буцаан олголт, мөнгөн дэмжлэг олгох зохицуулалт тусгагдсан бөгөөд Монгол Улс ойрын хугацаанд кино үйлдвэрлэгчдийг татахуйц орон болохыг зорин ажиллаж байна.
Ингэснээр кино зах зээлийг дагалдан Монголын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өвөрмөц соёл, өв уламжлалыг дэлхийд сурталчлах, шинэ ажлын байр бий болгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно хэмээн тооцож байна.
Соёлын сайд Ч.Номин Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулахад ихээхэн хүчин зүтгэл гаргаж ажилласан бөгөөд тэрбээр кино зах зээлийн шинэ бодлогын талаар хэлэхдээ, “...Бид энэхүү санаачилгыг эхлүүлэхдээ Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн кино үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч буйгаа харуулахыг зорьсон” гэсэн юм.
Соёлын сайдын хэлснээр Монгол Улс кино, телевизийн тэргүүлэгч студиүдийг эх орондоо хүлээн авч, тэдэнтэй бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна.
Шинээр байгуулагдах Монголын кино зөвлөлөөс кино үйлдвэрлэлийн урамшуулал, зардлын буцаан олголт болон Монгол Улсад кино үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж буй хууль тогтоомжийн бусад арга хэмжээг удирдан зохион байгуулах юм. Монголын кино зөвлөлийн үйл ажиллагаа болон болон урамшууллын хөтөлбөрүүд нь 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
Кино үйлдвэрлэлийн урамшуулал буюу мөнгөн дэмжлэг, зардлын буцаан олголтын талаарх тойм:
- Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэж буй кино төсөлд буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зориулалтаар 500.000 америк долларыг тодорхой шаардлага хангахуйц зориулалтаар зарцуулсан бол зардлын 30 хувийн байршлын урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
- Байршлын урамшуулал авсан уран бүтээлчийн бүтээсэн кино нь Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг онцлон харуулсан бол 10 хувийн соёлын урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
- Байршлын урамшуулал авах шаардлага хангасан кино зураг авалтад оролцсон гадаадын жүжигчид болон кино багийн гишүүдэд 5 хувийн урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
- Байршлын урамшуулал авсан уран бүтээлч эвлүүлэг, дуу, дүрсний найруулгыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийж, олон тооны монгол ажилчдыг ажиллуулсан төслүүдийн эвлүүлэг, дуу, дүрсний найруулгын 30 хувийн урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
- Монголын соёл, өв уламжлалыг олон улсад эерэгээр сурталчлан таниулсан монгол кино бүтээгчдэд 20 хувийн монгол киноны урамшуулал олгоно.
- Байршлын урамшууллыг дангаар болон соёлын урамшуулал, кино багийн урамшууллыг хамтад нь 30%+10%+5% = 45%-ийн буцаан олголт авах боломжтой.
Кино урлагийг дэмжих тухай хуулийн Англи хэл дээрх хувилбарыг унших бол энд,
Кино урлагийг дэмжих тухай хуулийн Монгол хэл дээрх хувилбарын унших бол энд дарна уу.
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [email protected] хаягаар холбогдоно уу.
Эх сурвалж: Соёлын яам