/2021.08.27/ Төрийн буруу бодлогын нөлөөгөөр үндэсний 70 гаруй үйлдвэр хаалгаа барихад хүрсэн талаар "Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос мэдээлэл хийлээ.
Үндэсний үйлдвэрлэл зогсож, цаашлаад устах эрсдэлтэй болсон байна.
Засгийн газрын 62 дугаар тогтоолд сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар түлнэ. Үүнээс өөр төрлийн нүүрсийг нийслэлд оруулахгүй байх шийдвэр гарсан.
Барилгын материал үйлдвэрлэдэг компаниуд: /блок, хөөсөнцөр, бетон гэх мэт/ баяжуулсан нүүрсийг түлж уур үүсгэж бүтээгдэхүүнээ боловсруулдаг. Энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг 68 аж ахуйн нэгж байгаа юм. Гэтэл нийслэлд энэ төрлийн нүүрс орж ирэхгүй байх шийдвэр гаргасан нь дээрх үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагуудад хүндрэл учруулсан байна.
УИХ-ын нэр бүхий гишүүдэд баяжуулсан түлш хэрэглэх шаардлагатай байгаа талаар албан бичиг явуулахад, зөв зүйтэй гэсэн хариу өгдөг хэдий ч авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байхгүй байгаа юм.
Үүнээс үүдээд үндэсний үйлдвэрлэгчид ажилчиддаа цалингаа өгч чадахгүй, ажилчид нь ч гэсэн ажлаасаа гарах байдалтай байна. Мөн гадаадын үйлдвэр нийслэлд баригдаж үндэсний бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрлэл хийж эхлээд байгаа ажээ.
Баяжуулсан түлшийг ашигласнаар усыг 120 градуст буцалгаж даралт үүсгэж байж үйлдвэрлэл явдаг. Харин сайжруулсан түлш нь үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжийн хэрэгцээнд нийцдэггүй байна.
"Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо" цаашид барилгын материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг эрхлэх нөхцөл бүрдүүлж өгөхийг хүслээ.