/2022.11.10/ БНХАУ-ын Эрээн хотод ковид-19 халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоожээ.
Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр буюу өчигдөр тус хотын дунд эрсдэлтэй байсан бүсээс халдвар илэрчээ. Улмаар бүх иргэдийг 3 хоногийн хугацаанд нарийвчилсан шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасныг Эрээн хотын шуурхай штабаас мэдээллээ. Тэгвэл уг шийдвэр гарсантай холбогдуулан дараах арга хэмжээг авахаар болсон байна. Үүнд,
- Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
- Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх
- Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх
- Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
- Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх гэсэн байна.
Хилийн бүсэд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Монгол дахь Карго компаниудын үйл ажиллагаа тасалдаж эхлээд байгаа юм. ААН, иргэдийн захиалсан бараа материал хуваарийн дагуу ирэх боломжгүй болжээ. Ачаа тээврийн компаниудын мэдээлж буйгаар гаалийн хашаа руу ачаатай машин оруулахыг хориглосон бол мөн БНХАУ-ын Хэбэй, Таншан хотод тогтоосон дөрвөн хоногийн хөл хориог дахин сунгах эсэх асуудлыг өнөөдөр Хятадын онцгой байдлын коммисоос шийдвэрлэх юм байна.