Нийслэлчүүдийн амьдралыг хөнгөвчлөх дижитал шийдлүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлчүүдийн амьдралыг хөнгөвчлөх дижитал шийдлүүд

-Цахим хот болсноор хэнд, ямар боломжийг олгох вэ?

Нийслэлд хотод тулгамдаж буй асуудлыг технологийн дэвшлээр шийдэх, иргэдийн ая тухыг хангаж, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд шинэ шийдлүүдийг ашиглах нь ухаалаг, цагаа олсон шийдвэр билээ.

Тиймээс ч олон улсын жишиг, өөрийн орны онцлог, иргэдийн соёл уламжлал, байгаль орчны эрс тэс уур амьсгал, төрийн байгуулалтын онцлогт тулгуурлан Улаанбаатар хотын дижитал шилжилтийн төлөвлөгөөг танилцуулаад буй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй монгол инженертэй хамтран ажиллахаар болсон. Нийслэлд нэвтрүүлэх болон нэвтрүүлж байгаа дижитал шийдлүүдээс онцолж байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН МЭДЭЭЛЛҮҮДИЙГ НЭГТГЭСЭН ePASS СИСТЕМ

Нийтийн тээврийг цахимжуулах ePASS төслийн хүрээнд хотын нийтийн тээвэр, сурагчийн автобусны үйлчилгээнд автоматжуулалт, мэдээллийн технологийн шийдэл бүхий цогц системийг нэвтрүүлнэ.

Энэхүү системийг нэвтрүүлснээр нийтийн тээврээр зорчих картыг банкны картаар цэнэглэдэг болох бөгөөд үлдэгдэл шалгах, хянахад хялбар болно. Автобусны буудал бүрд зарлан мэдээлэх электрон самбар байршуулснаар автобусны чиглэл харах, мөн нийтийн тээврийн хэрэгсэл хаана явж буй, хэзээ ирэхийг бодит цагийн горимоор харах боломж бүрдэнэ. Дээр дурдсан бүх мэдээллийг хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар дуу хоолойгоор харааны бэрхшээлтэй хүмүүст ч хүргэх юм.

Энэхүү шийдлийн бас нэгэн давуу тал нь хүүхэд сургуулийн автобусанд суусан, буусан зэрэг мэдээллийг бодит цагийн горимоор зөвхөн эцэг эх, асран хамгаалагч нар гар утсаараа хүлээн авах боломж аж.

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХААНА Ч “ХАМТ БАЙХ” eSCHOOL СИСТЕМ

Таны хүүхэд хэдэн цагт ямар хоол идэж, хэдэн цагт хаана, ямар автобусаар зорчиж, гэрийн даалгавраа хэрхэн хийж байгааг мэдэх зэрэг олон боломжийг технологийн цогц шийдэл бүхий eSchool систем олгоно. Энэхүү платформ нь сургуулийн удирдлагуудад зориулсан eSchool, багш нарт зориулсан eTeacher, сурагчдад зориулсан eStudent, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан eParent хэмээх дөрвөн аппликейшнээс бүрдэх юм.

Өөрөөр хэлбэл, сургуулийн удирдлага, багш нар, эцэг эх болон асран хамгаалагч, хүүхдүүд мэдээллээ цаг алдалгүй солилцсоноор боловсролын чанар, хүртээмж сайжрах төдийгүй сурагчийн үдийн хоол, автобусаар зорчих явцыг хянаж, аюулгүй байдалд нь бүх тал оролцоотой байх нөхцөлийг бүрдүүлнэ.

ӨРХИЙН ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ ЦАГАА ЦАХИМААР ЗАХИАЛНА

Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авах процессыг илүү хялбарчилсан шийдлийг мөн нийслэлд нэвтрүүлж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг үүлэн технологи, андройд үйлдлийн системд суурилсан ухаалаг киоск, ухаалаг төхөөрөмжтэй холбосон Ухаалаг цаг захиалгын систем нь эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох юм.

Уг системээр иргэд өрхийн эмнэлэгт үзүүлэх цагаа онлайнаар захиалах, эмч үзлэг хийсэн явцын мэдээллийг нэгтгэж болно. Ингэснээр өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй болгох, мөн эмч, эмнэлгийн ажилтнуудад ирдэг ачааллыг хөнгөвчлөх, гомдол саналыг нэгтгэх зэрэг цөөнгүй давуу тал бий болно.

ОРОЛЦОО БҮХЭН ЧУХАЛ- “ДИЖИТАЛ СИТИ”АППЛИКЕЙШН

Нийслэлийн иргэд, олон нийтэд зориулсан энэхүү аппликейшнээр Улаанбаатартай холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай авах, түгээхээс гадна гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг хянах боломжтой.

Нийслэлийн 204 хороонд 1832 хэсгийн ахлагч 420 мянга гаруй өрхийн 1.639.172 иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Хэсгийн ахлагч нар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, нийслэл, дүүргээс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгжид хүргэх, орчны хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэйгээр ажилладаг. Эдгээр ажлыг хөнгөвчлөх, төр, иргэн, аж ахуйy нэгж, байгууллага хоорондын харилцааг шинэ түвшинд гаргах, санал хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, татвар, төлбөр хураамж төлөх зэрэг үйлчилгээг нэгдсэн байдлаар авах боломж бүхий “Дижитал СИТИ” гар утасны аппликейшн хэрэглээнд нэвтэрнэ.

Төр, иргэн хоорондын харилцаа холбоог бодит цагийн горимд бүрэн хангах энэхүү шийдлийн дүнд авлига, хүнд суртал буурах, төрийн үйлчилгээ ил тод болохоос гадна иргэдийн цаг, зардал мөнгийг хэмнэх юм. Цаашлаад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хотын орчны тохижилт, эвдрэл, гэмтэлтэй холбоотой зөрчлийн мэдээллийг ирүүлэх, их хотын өнгө төрхийг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулахад дэмжлэг үзүүлэх урамшууллын системийг нэвтрүүлэх ч боломжтой.

Эх сурвалж: НЗДТГ

Монголын пара жүдочид ДАШТ-д өрсөлдөхөөр Бакуг зорилоо
Монголын пара жүдочид ДАШТ-д өрсөлдөхөөр Бакуг зорилоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.