/2022.11.04/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин үг хэллээ. Тэрээр:
-Өчигдөр УИХ-ын чуулганы танхимд Ц.Даваасүрэн гишүүн намайг үндэслэлгүй гүтгэж, дарсан ёс зүйгүй мэдээлэл хийсэн. Энэ талаар тайлбар хийе.
Нэгдүгээрт, надтай холбож яриад байгаа Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн зээл надад ямар ч хамааралгүй. Би Хөгжлийн банктай хэзээ ч холбоотой байгаагүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдье. Хоёрдугаарт, тухайн компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн төлж дууссан гээд зун мэдээлэл хийж байсан. Гуравдугаарт, би өөрийн хүсэлтээр шалгуулъя гээд дөрөвдүгээр сард мэдэгдэл хийсэн. Үүнийхээ дагуу би шалгуулж байгаа. Тиймээс удахгүй эдгээр асуудлууд үнэн зөвөөр шийдэгдэх байх.
Ц.Даваасүрэн гишүүн над руу дайрч байгаа нь ямар ч үндэслэлгүй. Таныг ахмад үеийн төлөөлөл, олон сонгогдсон гишүүн гэж харж УИХ-ын залуу гишүүд үлгэр дуурайлал авахыг эрмэлздэг шүү. Тиймээс ганцаарчилж бусад гишүүд рүүгээ дардаг, доромжилдог улс төр цаг үеэ өнгөрөөсөн шүү. Үүнийг залуу гишүүний хувьд хэлье. Гэхдээ эцэст би Ц.Даваасүрэн гишүүнд баярлалаа гэж хэлмээр байна. Намайг чуулганы хуралдааны үеэр онцолж ярьж, миний PR-ыг хийж өгч байгаад маш их баяртай байна. Тиймээс танд амжилт хүсье гэлээ.