SpaceX компанийн Starlink хиймэл дагуулын интернэтийг ирэх жилээс Starlink Aviation нэртэйгээр тодорхой загварын онгоцуудад суулгана гэж тус компаниас мэдэгджээ.
SpaceX компанийн Aero Terminal нэртэй төхөөрөмжийг суулгасан нисэх онгоцуудад 350 mbрs (мегабит секунд) хүртэлх хурдтай интернэтийн урсгал нээж өгөх ба энэ нь видео дуудлага, онлайн тоглоомууд болон бусад дата ихээр шаарддаг бүх л үйл ажиллагаанд бүрэн хангалттай ажээ.
Тэдний амалж буй энэхүү хурд нь одоогийн нисэх онгоцуудад суулгасан байдаг WiFi сүлжээний хурдаас хамаагүй илүү юм. Одоогийн байдлаар нисэх онгоцууд “агаараас газарт” ангиллын интернэтийн үйлчилгээ авдаг бөгөөд 10 mbрs хурдтай энэ интернэтийг зөвхөн хуурай газар дээгүүр нисч яваа нөхцөлд л ашиглах боломжтой. Харин хиймэл дагуулын интернэтийн систем нь 30-100 mbрs хурдтай байна.
Нэг онгоцонд хуваарилагдаж буй энэхүү урсгал хэрэглэгчийн тооноос хамааран, нэг хэрэглэгчид хэд болж очих нь тодорхойлогдох тул нислэг бүрийн интернэтийн хурд харилцан адилгүй гэсэн үг юм.
SpaceX компанийн хэрэглэгчийн үйлчилгээний сайт дээр дурдсанаар хиймэл дагуулын интернэтийг онгоц хөөрөх зурвасаар гүйх, хөөрөх, хуурай газар болон усан дээгүүр нисэх, буух гээд нислэгийн бүх л үе шатанд 20 ms (миллисекунд) хоцролттойгоор хүргэнэ гэжээ. Мөн “дэлхийн хаана ч манай компанийн нам тойрог замын хиймэл дагуул эргэлдэж байгаа тул манай үйлчилгээг дэлхийн хаанаас ч авах боломжтой. Бусад хиймэл дагуулын интернэт хүрдэггүй дэлхийн хойд, өмнөд туйл орчимын бүсэд ч Starlink Aviation хэвийн ажиллана” гэж сайтын FAQ буюу түгээмэл асуудаг асуултын хэсэгт бичсэн байна. Энэ үйлчилгээг албан ёсоор 2023 оноос эхлүүлэх ажээ.
With Starlink, passengers will be able to access high-speed, low-latency internet from the moment they walk on their plane → https://t.co/bcn8jvpKgi pic.twitter.com/mDDQou1ZA3
— SpaceX (@SpaceX) October 19, 2022
Aviacionline хэмээх агаарын тээвэр, нисэхийн салбараар дагнан нийтэлдэг сайтын мэдээлснээр саяхан хийгдсэн туршилтын нислэгийн үеэр онгоцонд ирж буй хиймэл дагуулын интернэтийн хурд 100 mbрs байсан гэнэ. Энэхүү нислэг нь АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотоос Бурбэнк хот хүрэх JSX компанийн нислэг байсан ба өнгөрсөн дөрөвдүгээр сард тус компани SpaceX-ийн онгоцонд зориулсан үйлчилгээг суурилуулах анхны компани болно гэдгээ зарлаж байв.
Харин есдүгээр сард JSX компанийн захирал Алекс Уилкокс “Starlink Aviation үйлчилгээний туршилтыг есдүгээр сардаа багтаан эхлүүлэх бөгөөд энэ он дуусахад манай компанийн бүх онгоц тэдний интернэт төхөөрөмжөөр тоноглогдсон байх болно” гэжээ. Мөн Hawaiian Airlines компани ч SpaceX-тэй ижил тохиролцоонд хүрч, онгоцууддаа интернэт хүлээн авах төхөөрөмжийг ирэх жилээс суулгаж эхлэхээ зарласан байна.
SpaceX компанийн захирал Элон Маскийн хувьд Starlink-ийн интернэтийг нисэх онгоцуудад суурилуулна гэдгээ мэдэгдээд нилээн хугацаа өнгөрсөн. 2021 оны гуравдугаар сар гэхэд тэдний компани АНУ-ын Холбооны харилцаа холбооны зөвлөлд хандан, интернэт үйлчилгээгээ хөдөлгөөнт платформд суурилуулах зөвшөөрөл хүссэн юм. Энэ талаараа Элон Маск “манай интернэт нисэх онгоц, усан онгоц, том ачааны машинууд болон аяллын бүхээгт автомашинуудад зориулагдсан” гэж тухайн үед жиргэж байжээ.
Одоогийн байдлаар тус компани Starlink Maritime нэртэй усан онгоцонд зориулсан интернэт болон зөөврийн аяллын сууцнуудад зориулсан Starlink RV үйлчилгээг тус тус нэвтрүүлээд байгаа бол ийнхүү Starlink Aviation тун удахгүй бүрэн утгаараа ажиллаж эхлэх нь ээ.
Эх сурвалж: Theverge